"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Mar 28, 2006


19р зууны сүүлээр Америкийн Massachusett мужид анх үүссэн гэгдэх сагсан бөмбөгийн спорт нь азийн бусад оронтой харьцуулахад манай монгол залуусын хамгийн дуртай спортуудын толгойг цохидог болов уу. Дэлхийн хэмжээнд ч сагсан бөмбөгийн хорхойтнуудын тоо хөл бөмбөг, бэйсболын дараагаар бичигдэх биз ээ. Ойролцоогоор 45 сая орчим сагсан бөмбөгийн хорхойтон байдаг гэх.
Би ч бас арван жилд байхдаа Бүргэд ТВ-ээр NBA playoff үзээд л, тоглолтыг нь амьдаар нь үзэх юм сан гэж мөрөөдөөд л, амралтын өдрөөрөө найз нартайгаа явж заал авдаг, хааяа Хоршоолол орж заал сахидаг охин байлаа. Учиргүй тоглохоосоо илүү найз нартайгаа хамт хөгжилдөн хамтдаа байх нь сайхан байдаг байсан санагдана. Одоо ч бас тийм л дээ. Гэхдээ мэдээж тоглох дуртай.

Ер нь монгол залуусын дунд "заал авах" гэдэг нь хамт олон найз нөхдөөрөө цагийн зөв болоьсон өнгөрөөх аргуудын нэг том төлөөлөл гэхэд болох байх аа. Өөөр биллиард тоглох, эрэгтэй хүүхдүүд бол PC game тоглох ч байдаг юм уу, тэгээд л "7н ахын төрсөн өдрүүд" орох байх. Ер нь, ялангуяа охидын хувьд найз нартайгаа уулзаад чөлөөт цагаа өнгөрөөх газар бага санагддаг. Одоо ямар болсоныг сайн мэдэхгүй ч, Японд ирэхээсээ өмнө би лав найз нартайгаа нэгнийдээ цугларч хоол хийх, орой бол pub-д суух, тэр үед арай илүү дэлгэрч байсан нь найз охидуудаараа нийлж саун-д орох гэх мэт л байсан байх.


Эргээд сагсны ярианд ороход, энэ жилийн Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8, 9р сард Японы Саппоро, Сэндай, Хамамацү, Хирошима хотод зохиогдон, финалын тэмцээн нь Сайтамад болно гэнэ. Энэ удаад 24н орны баг тамрчид оролцоно гэнэ. Сагсан бөмбөг гэхээр Америкаас өөр хүчтэй багийг сайн мэдэхгүй болохоор Америкийн аваргуудыг чадвал хамгийн урд суудлаас үзчих юмсан гээд одооноос догдолж эхлээд байна хэхэ.
Билетийн үнэ нь 4,000-9,000йен, харин финалын тоглолт нь өдөр болон суудлаасаа хамаараад 5,000-20,000йен гэнэ. Хамт явж үзэх хүн байвал хэлээрэй хэхэ. Японд 2002 онд зохиогдож байсан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний билет нь бүр 300 доллар байсан гэж сонсож байсан. Тэрийг бодвол ч энэ удаагийн сагсныы тэмцээний үнэ нь оюутан хүн үзэж болмоор үнэ санагдаж байна.
Өмнөх удаагийн тэмцээнд ердөө 16н л баг оролцож байсан нь энэ удаад 24 болж сагсан бөмбөгийн спортын цар хүрээ улам л өргөжиж байгаа гэнэ.
Ер нь манай монголд хэдий үеээс хөгжиж эхэлсэн юм болоо. Оросоос л орж ирсэн байх тийм үү.
Одоогийх шигээ өргөн дэлгэр болсон нь 90 он гарснаас хойш байх. Бөмбөг, тэгээд нэг цагираг байхад л ер нь тоглочихдог спорт болохоор гудамжны сагсаар дамжуулаад бүгд сагс тоглодог болсон байх. Сургуулиудад ч бас соц нийгмийн үед болхоор хөнгөн атлетик гэх мэт хиёээлүүд байсан бол ямар ч байсан миний үед бол хөнгөн атлетик нэлээн цөөхөн ороод, багш ааш сайтай байвал ихэнхидээ чөлөөт тоглолт, ааш муу өдөр нь галуун цуваа хийдэг байсан санагдана. Тэрнээс гадна бас, бусад спортын тамирчид бэлтгэлийн өмнөх халаалт хийхдээ сагс тоглоод л халаалт хийчихдэг байсан гэж сонсож байсан юм байна. Бөхчүүд ч мөн адил. Тиймээс ч манай сумочид бас л сагсанд дуртай байдаг байх.
Японд ирээд олон орнуудын оюутнуудыг хараад байхад багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж байсан л биш бол барагтай сагс тоглоод хорхойсоод гүйгээд байдагүй. Харин манай монголчууд бол хэн ч байсан ороод л тоглодог, хэн ч байсан дүрмийг мэддэг. Нэг энэтхэг найз маань бүр гайхаж байсан. Монголчуудыг чинь бөх барилддаг л гэж бодож байсан чинь гэж байсан.
Манай байранд байдаг байсан бүх эрэгтэй монгол оюутнууд сагсны улаан хоббитой, тэгээд ч монголчууд нэг баг болоод үзвэл ер нь бусад орнуудын холимог шилмэл багуудыг дараалан хожиж бишрүүлдэг байсан болоод ч тэгсэн болов уу. Тэгээд ч энд Японд манай монгол оюутнууд шиг жил бүр, тэгээд бүр 2 газар сагсны тэмцээн зохиодог газар цөөхөн биз.

Mar 27, 2006

Шинэ улирал, шинэ блог


Сайн байцгаана уу.
Сакура дэлбээлэх хаврын улирал ирлээ. Японд ирсэнээс хойш сакура дэлбээлэх улирал ирэхэд цаг хугацаа өнгөрч байгааг мэдэрдэг болж, аа, дахиад нэг жил өнгөрчихөж, хурдан юм даа гэж бодогддог болж. Монголд байхад бол шинэ жилийн уур амьсгал орох үеэр яг жилийн өмнөх шинэ жил, түүнээс хойших бүтэн жил тохиолдсон явдлууд гэх мэт толгойд эргэлдэж, бүтэн жилээ дүгнэх үе байдаг байсан. Харин японд сургууль,цэцэрлэгийн шинэ хичээлийн жил болон санхүүгийн жил гэх мэт нь бүгд 4дүгээр сараас эхлэн дараагийн 3н сараар дуусдаг. Тиймээс ч жил бүр шинэ он солигдох 12 болон 1 дүгээр сараас илүү 3н сарын яг энэ үед өнгөрсөн бүтэн жилд юу хийж бүтээв, алдаа оноо юу байв гэдэгээ дүгнэж дотроо бодож сууна.
Ер нь жил бүрийн 3р сарын сүүлчээр Япон даяар их нүүдлийн улирал болдог гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Шинээр сургуульд орох, шинээр ажилд орох гээд л хаврын их нүүдэл хийцгээнэ.
Манай байранд ч мөн бөөн нүүдэл суудал. 2 талын өрөөнд байсан хүмүүс нүүж, нэгэнд нь шинэ хүн ирж, нөгөөх нь засвартай байгаа. Яг үнэндээ бол 2 талын хүмүүсээс илүү дээд айлынхаа хүнийг хурдан нүүхгүй юм байхдаа гэж бараг л өнгөрсөн жил энэ өрөөнд орсон өдрөөсөө бодож байсан юм. :) хэхэ

Хавар болж дулаараад хааяа гадуур дугуй жийж бага зэрэг салхилна. Гэрээсээ хойш гарахад байх машин замын дагуу ургах моднууд энэ хавиа чимнэ. Энд нүүж ирснээсээ хойш ер нь хараад байхад нэлээд олон төрлийн мод хольж тарьсан юм болов уу гэж бодсон. Эсвэл олон төрлийн цэцэг улиралын чанартай солигдож дэлбээлдэг мод байх. Улирал солигдох бүрт өөр өөр цэцэг дэлбээлэн хотыг чимнэ. Яг энэ улиралд бол мэдээж сакура дэлбээлнэ. Гэхдээ арай дэлбээлээгүй л байна. Дахиад 4 юм уу 5 хоноход бүтэн дэлбээлчих байх. Зуны улиралд болохоор нэрийг нь сайн мэдэхгүй улаан цэцэг дэлбээлж, харин намар болоход улаан, улбар шар навчсаар замын дагууг чимнэ.
Харин гэрээсээ урд зүг рүү гарвал Оогүри гэх гол урсана. Монголоос дөнгөж ирээд удаагүй хүмүүс бол гол биш горхи л байна ш тээ гэдэг юм хэхэ. Бороо орохоор нэлээн гүехэн болдог горхи гол л доо гэсэн. Энэ голын дагуу ч мөн Сакурагийн мод ургадаг. Өглөө нар мандах цагаар тэнгэр шаргалтуулах ургах нарыг харангаа голын(горхины?) эргээр дугуйгаа жийгээд л... Сайхан сайхан...

Сакурагаас гадна хаврын улирал ирсэнийг санагдуулах өөр нэг юм бол (миний хувьд лав)энд тэнд байх хогийн цэг дээрхи, нүүсэн хүмүүсийн хаясан хуучин эд хогшил, ажилладаг үгүй нь бүү мэд хуучин цахилгаан бараанууд. Өмнө нь амьдарч байсан хүмүүс нь нүүсэн болтой засвар хийгдэн, будаг шунх ханхлуулах өрөөнүүд, засвар нь дууссан болтой шинээр орох хүнээ хүлээх хөшиг байхгүй, өрөөн доторхи нь харагдах хоосон өрөөнүүд энд тэнд харагдана.
Японы, Токиогийн 3р сарын дүр зураг. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Ирэх жил ч бас ийм байх болов уу.
Шинэ хичээлийн жилээ, шинэ блогтойгоо эхлэн, ирэх жил мөн бүтэн жилээ дүгнэн ийн бичиж суух болтугай, анхны бичлэгийн уншигч та ч мөн адил уншиж суух болтугай гэж ерөөе гэж. (монголд нэлээн дэлгэрээд байгаа юм шиг байна лээ "гэж" гэж)

 
© Cocktail room