"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Jun 4, 2009

Аз жаргалыг амталсан нэгэн өдөр


Наран улсын томоохон гадаад худалдааны хот болж өргөжсөн Ёкохама боомт нээгдсэний 150-н жилийн ойн өдөр бичигч миний бие нэгэн насыг нэмлээ.

Монголд бага байхад 6-н сар болохыг хамгийн их тэсэн ядан хүлээдэг өдөр байснаа эргэн санагалзан сууна. Хүүхдийн баяраар эхэлж аав, ээжийн ажлын газраас бөөн чихэр жаклаад авна. Цэцэрлэгээс бас авна. Мэдээж ах дүү нар бүгд л авдаг байсан л даа. Гэхдээ маргааш нь дахиад төрсөн өдөр гээд ганцаараа бэлэг нэмж авна. Бүгд чихэр жаклаадаа дуусгачихсан хойно бахтай нь аргагүй бэлэг нь үлддэг байж билээ.

Төрүүлж өсгөсөн ээж аавдаа, бужигналдан өссөн ах дүү нартаа, алс нутагт жаргал зовлонгоо хуваалцан, энэ өдрийг ч бас хамтдаа өнгөрөөсөн анд найз нартаа, төрсөн өдрийн мэнд хүргэж утасдсан, мэйлдсэн, мэссэнжэрдсэн бүх найз нартай маш маш, мааааааааш их баярлалаа, үргэлж баярлаж явдаг шүү.

Бас хайртай гэж жигтэйхэн.

Нэгэн насыг нэмэн зооглосондоо бус, та бүхэн маань надтай хамт байгаад маш их баярласан, бахархсан өдөр болсонд сэтгэл хөдлөөд, хөөрөөд бичин сууна.

Та нартайгаа үргэлж хамтдаа Т.

Feb 26, 2009

Сар шинийн мэнд


Анд найз нар, гэрийнхэндээ XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн оройтсон мэндийг дэвшүүлье.




Сар шинэ дөхөхөөр зурхайч нар минь маргалдаж зөрөлдөөд, энэ жил 2 дахин шинэлсэн хүмүүс ч олонтаа байсан гэх.

АРлын оронд ирээд мөрөө гаргаж үзээгүй би энэ жил ч бас 4 н зүгийн баримжаагүйгээс зүгээ гаргасангүй. Ижил жилтэй ээжтэй минь хамт эх нутагт минь зүг минь гаргагдсан байх гэж "залхууралтайгаар" найдаад өнгөрөөчихсөн.
Багадаа мөр гаргахдаа ээжтэйгээ хамтдаа гоё байдаг байсан. Ганцаараа бол ичээд явахгүй байх байсан байх. Охин нь удахгүй хамтдаа мөрөө гарганаа ээжээ.
Шинийн нэгэнд шинэ оноо хэрхэн эхэлснээрээ тэр жил шийдэгддэг гэдэг дээ.
Миний хувьд бол шөнөжин ажиллаж, сурган хийж өнгөрөв. Өдөр харьж ирээд нойр ч хүрсэнгүй, угсруулаад хоёр кино үзчихээд сууж байна.
Гарч буй Шороон Үхэр жилдээ өдөртөө 3н цаг унтаж, үргэлжлүүлэн кино үзэж,
үр бүтээлтэй л байх бололтой.
Ирэх ондоо итгэл сэтгэл, инээд баясал, аз жаргал,
амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай.
Байлгацгаая андуудаа.

Feb 19, 2009

Эрээвэр хураавар

Хүн бид бүтэлгүй явдал, муу юм тохиолдоход бусдаас бурууг хайн төөрөлдөнө.

Монгол ард түмэн бид бол, өөрсдийн хувь заяаны шийдэл, бурханы шийтгэл, өвөг дээдсийн үйлийн үр, байгалийн хилэгнэл гээд л сэтгэлээ зөөлрүүлж, заслаа хийлгэж тайвшралыг олно. Тодорхой хэн нэгэнд буруу өгч, дайрч давшлалгүй, хүлээнгүй хүлцэнгүй уужим хандлагатай ард түмэн юм.

Япончуудыг хараад байхнээ, тэд өөрийн гэсэн тодорхой шүтэх бурхан, сүсэглэх шашин үгүй нь олон, аливаад нийгэм, түүний тогтолцоо, улс төрчидөд буруу өгч, аав ээж, гэр бүлийнхэн, багш гээд хамааруулж болох бүгдэд өөрийн байгаа байдал, амьдралын бүтэлгүйг тохон буруутгах хандлагатай.

Фото архиваас

今年のサラリーマン川柳の中から…
”円高
    感じたいが 
           円がない…”
Зураг 1:
Өнгөрсөн жилийн 8н сарын валютын ханш.
1 доллар=110 иен орчим байсан байна. Зургийн аппаратан дахь зургаа цэгцэлж байтал гарч ирсийм. Яагаад ч юм буулгаад авчихсан байна.
Энэ зургийг авснаас хойш ганцхан сарын дараа "Lehman Brothers"-ын дампууралаас улбаалсан хямрал үргэлжилж 12 сар гэхэд (зураг2) 1 доллар 87иен хүрсэн.

Харин монгол нутагт маань эсрэгээр нь 1 доллар 1500 хүртэл суга өссөн гэсэн. Яагаад гэдэг нарийн ширийнийг мэдэхгүй ч, дойлуур гэгч ногоон хүүгийн дутагдалд нэмэр болж хямдхан байгаа "аралын орноос" хэдэн "ногоон хүү" явуулж багахан ч гэсэн хөөрөгдлийг дарахад хувь нэмэр оруулалцсан бол... гэж худлаа мөрөөдөнгөө шивнэнэ. Өнөөдрөөс эргээд өсч эхлэж байна. 93 хүрчихсэн явна билээ.

”円高  
    感じたかったが 
            円がなかった…” ガックッ! 
                      

Feb 16, 2009

Мементо

Интернеттэй болж блогоо эргэн харав. Өмнө нь бичиж байгаад дундаас нь орхисон бичлэгийг энэ компьютер хадгалаад авчихсан байдым байна гэж, гээд гүйцээгээд ганц хоёр бичлэг нэмлээ.

Саяхан үзсэн нэг кино, Шикокү-гийн нэг анд маань яриад өг гэж байсан тул товчхон танилцуулья.

Мементо, гэж "бүү март" гэсэн латин үг.(гэнэлээ)
Үйл явдлын өрнөлийг хойноос нь бага багаар үзүүлсэн өвөрмөц хийлттэй кино. Гэмт хэрэгтэй кинонд хэн нь жинхэнэ гэмт хэрэгтэн юм бол гэж араас нь хөөж бодонгоо үздэг бол энэ кино нь өрнөлийг араас нь бага багаар үзүүлснээрээ үзэгчийн таамаглал, дундаа баруун бас зүүн тийш холбирч ч магад. Юу ч гэсэн үзээд үз.


Гол дүрийн залуу Leonard нь 10хан минутын л үйл явдлыг тогтоож чадна. Түүнээс удах юм бол бүгдийг мартчихдаг, нэгэн хэрэг явдалтай учирснаас хойших. 10 минутын дараах өөрөө өөртөө "мэмо" үлдээж, хэргийн буруутныг олох болно. Хэнд итгэж хэнээс сэрэмжлэх вэ, бичсэн мэмо нь яг өөрөө бичсэн үү, итгэж болох уу. Мэмо-ндоо итгэлтэй байхын тулд 10 минутын дараах өөртөө мэмо илгээх түүний сонгосон арга, санаанд багтамгүй арга байдаг.
Магадгүй нэг үзчихээд дахиад нэг үзэхэд ч уйдахгүй киноны нэг болов уу.

Үүнээс илүүг бичвэл сонирхолгүй болчих байх гээд товчхон. "Мянга яриулахаар нэг үз"

Dec 22, 2008

Шивасү


Японд 12 сарыг "Шивасү"(師走) гэх бөгөөд "Багштан гүйх" гэж бичиж, сүм хийдийн лам багштан дээр үед айл бүрийн гэрээр орж, завгүй гүйдэг байснаас ийн нэрлэх болсон гэдэг. Эдүгээ, оны төгсгөл, шинэ жил, бас бус гээд яаж ийж байгаад завгүй болчихдог 12 сар. Миний хувьд ч бас, төлөвлөсөн олон юмандаа баригдаж, ажил бас хажуугаар нь найз нартайгаа хамтарч зохион байгуулах гэж байгаа шинэ жилийн бэлтгэл гээд, "шивасү"-дсээр...үр дүн өчигдөр ажил дээрээсээ гэр рүүгээ биш цагаан халаадтай аниа нарын халамжинд оронгоо шахдаг юм байна. Аятайхан нүдний шилтэй, сайхан инээмсэглэсэн эмч агаа "айхтар хүнд биш байна харьж болно" гэсэн тул өглөө хариад ирчихсэн ингээд сууж байна.




Дурсамж,
Гэрээсээ гараад сураггүй, утсаа авахгүй байсан түүний утас арай гэж холбогдоход, "ххх-д байдаг эмнэлэгт байна" гэсэн хариу байлаа. Газар мэдэхгүй би хайн хайн очиход, эмнэлгийн орон дээр юу ч болоогүйм шиг инээгээд тэр хэвтэж байсан. Өмнөх орой нь санаа зовоод унтаж чадахгүй нойргүй хонон, арай гэж өглөө нь хайж харайж очсон гэж.

Гайхширал,
Сэтгэл... чи ийм сонин шт, хэдхэн жилд ингээд юу ч мэдрэхгүй, юу ч бодохгүй, цэвдэг болчихдог гэж.

Цагийн урсгал сэтгэлийг нимгэлэн, шингэрүүлж бүр байхгүй, ор үгүй болгож, тэнд үлдэх нь сайнтай муутай дурсамж л байх.

...гээд арал дээр ирээд 2 дахь удаа эмнэлэгийн бараа харсан нь өчигдөр байлаа.

23наас, олон жилийн өмнөөс явахыг хүсч, хэдэн сарын өмнөөс төлөвлөж байсан Хоккайдо аялалдаа марш-лана. Бие тиймэрхүү ч, өнөө маргаашдаа хичээгээд, Боорцог дүүтэйгээ хөгжилтэй аялал хийгээд ирнээ. Гэснээс, энд аялалын булан нээе гэж бодож байгаа. Компьютер-аа эмчлэхээрээ зураг хиймз.

Dec 8, 2008

Агаагаас татсан үг

Тэмдэглээд авмаар санагдсым.
"Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол
авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд
хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй"
Vimo-чинь Гамбирийн тэмдэглэлээс...

Dec 7, 2008

Айдас би итгэл

"Fear can hold you prisoner. Hope can set you free. "

The Shawshank Redemption (1994) киноноос.



Өнөөдөр ярилцсан Бурмаа эгчдээ зориулав.

 
© Cocktail room