"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Mar 27, 2006

Шинэ улирал, шинэ блог


Сайн байцгаана уу.
Сакура дэлбээлэх хаврын улирал ирлээ. Японд ирсэнээс хойш сакура дэлбээлэх улирал ирэхэд цаг хугацаа өнгөрч байгааг мэдэрдэг болж, аа, дахиад нэг жил өнгөрчихөж, хурдан юм даа гэж бодогддог болж. Монголд байхад бол шинэ жилийн уур амьсгал орох үеэр яг жилийн өмнөх шинэ жил, түүнээс хойших бүтэн жил тохиолдсон явдлууд гэх мэт толгойд эргэлдэж, бүтэн жилээ дүгнэх үе байдаг байсан. Харин японд сургууль,цэцэрлэгийн шинэ хичээлийн жил болон санхүүгийн жил гэх мэт нь бүгд 4дүгээр сараас эхлэн дараагийн 3н сараар дуусдаг. Тиймээс ч жил бүр шинэ он солигдох 12 болон 1 дүгээр сараас илүү 3н сарын яг энэ үед өнгөрсөн бүтэн жилд юу хийж бүтээв, алдаа оноо юу байв гэдэгээ дүгнэж дотроо бодож сууна.
Ер нь жил бүрийн 3р сарын сүүлчээр Япон даяар их нүүдлийн улирал болдог гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Шинээр сургуульд орох, шинээр ажилд орох гээд л хаврын их нүүдэл хийцгээнэ.
Манай байранд ч мөн бөөн нүүдэл суудал. 2 талын өрөөнд байсан хүмүүс нүүж, нэгэнд нь шинэ хүн ирж, нөгөөх нь засвартай байгаа. Яг үнэндээ бол 2 талын хүмүүсээс илүү дээд айлынхаа хүнийг хурдан нүүхгүй юм байхдаа гэж бараг л өнгөрсөн жил энэ өрөөнд орсон өдрөөсөө бодож байсан юм. :) хэхэ

Хавар болж дулаараад хааяа гадуур дугуй жийж бага зэрэг салхилна. Гэрээсээ хойш гарахад байх машин замын дагуу ургах моднууд энэ хавиа чимнэ. Энд нүүж ирснээсээ хойш ер нь хараад байхад нэлээд олон төрлийн мод хольж тарьсан юм болов уу гэж бодсон. Эсвэл олон төрлийн цэцэг улиралын чанартай солигдож дэлбээлдэг мод байх. Улирал солигдох бүрт өөр өөр цэцэг дэлбээлэн хотыг чимнэ. Яг энэ улиралд бол мэдээж сакура дэлбээлнэ. Гэхдээ арай дэлбээлээгүй л байна. Дахиад 4 юм уу 5 хоноход бүтэн дэлбээлчих байх. Зуны улиралд болохоор нэрийг нь сайн мэдэхгүй улаан цэцэг дэлбээлж, харин намар болоход улаан, улбар шар навчсаар замын дагууг чимнэ.
Харин гэрээсээ урд зүг рүү гарвал Оогүри гэх гол урсана. Монголоос дөнгөж ирээд удаагүй хүмүүс бол гол биш горхи л байна ш тээ гэдэг юм хэхэ. Бороо орохоор нэлээн гүехэн болдог горхи гол л доо гэсэн. Энэ голын дагуу ч мөн Сакурагийн мод ургадаг. Өглөө нар мандах цагаар тэнгэр шаргалтуулах ургах нарыг харангаа голын(горхины?) эргээр дугуйгаа жийгээд л... Сайхан сайхан...

Сакурагаас гадна хаврын улирал ирсэнийг санагдуулах өөр нэг юм бол (миний хувьд лав)энд тэнд байх хогийн цэг дээрхи, нүүсэн хүмүүсийн хаясан хуучин эд хогшил, ажилладаг үгүй нь бүү мэд хуучин цахилгаан бараанууд. Өмнө нь амьдарч байсан хүмүүс нь нүүсэн болтой засвар хийгдэн, будаг шунх ханхлуулах өрөөнүүд, засвар нь дууссан болтой шинээр орох хүнээ хүлээх хөшиг байхгүй, өрөөн доторхи нь харагдах хоосон өрөөнүүд энд тэнд харагдана.
Японы, Токиогийн 3р сарын дүр зураг. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Ирэх жил ч бас ийм байх болов уу.
Шинэ хичээлийн жилээ, шинэ блогтойгоо эхлэн, ирэх жил мөн бүтэн жилээ дүгнэн ийн бичиж суух болтугай, анхны бичлэгийн уншигч та ч мөн адил уншиж суух болтугай гэж ерөөе гэж. (монголд нэлээн дэлгэрээд байгаа юм шиг байна лээ "гэж" гэж)

1 comments:

AD said...

Нэгийгээ тууштай бичээчээ!

 
© Cocktail room