"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Aug 26, 2008

Дэмийй дэмий

.
Багадаа нэрэндээ дургүй байлаа. Навч, цэцэг жимс гээд л гэрэл цацраг гээд охинлог нэртэй болохыг хүсдэг байсын болуу. Хамгийн гол шалтгаан нь цэцэрлэгт байхад "Муруй" гээд л дуудна. Уур хүрнэ, уурласан уурандаа аав ээждээ гомдоно. Тэгсэн хаа нэгтээгээс 7-н нас хүрэхээрээ албан ёсоор нэрээ солиулж болдог гээд л дуулчихсан, нэрээ солимоор байна гээд өдөр шөнөгүй аав ээжээс шалгаадаг байсан санагдана.
Тэхдээ нэг мэдсэн тэр бодлоо гээсэн явсан. Харин сургуульд орсноос хойш муруй этэр гэж дуудуулахаа больж харин "тэмээ" гэсэн хоч тэр чигээрээ наалдчихдаг юм даа.
Тэр талаар ажлынхантайгаа ярьж байлаа. Тэгсэн Ёпоонд бол өндөр хүнийг "анааш" гэдэг гэнэ.
"Анааш" гэвэл монголд юм удаан ойлгодог гэсэн хоч болоод явчихна. Харин тийм удаан ойлгоцтой, мангаатаад байдаг нэгнийгээ Ёпоонд КҮ(кэй вай) гэнэ. Күүки ёмэнай буюу "агаар уншдаггүй" гэнэ. ӨНгөрсөн жилийн моодонд орсон үгийн нэгээр тодорч ч байсан.
За ямартай ч аль аль нь л ийм хөөрхөн эгдүүтэй амьтан.

Гэснээс одоо нэрэндээ маш дуртай, одоо ч гэж ямар ч байсан дунд ангийн үеээсээ гайгүй дуртай болж эхэлсэн байх. Ховор бөгөөд сайхан ерөөлтэй нэр.

"Үүрдийн амьдралд тэгшжаргал зохихгүй ээ" гэж дуу байдаг байх аа нээрээ....хн

Aug 15, 2008

Мэлмэрээд байх юм...

Бид анхны алтаа аваад нэг өдөр өнгөрлөө.Бодохоос одоо ч Түвшинбаяр нүдэнд харагдаад, төрийн дуулал чихэнд эгшиглээд, хоолой зангирч, нүдэнд нулимс гүйлгэнээд...

Ганцаараа хөөрч хөөрч ажилдаа явах цаг боллоо. Хүмүүс Токиод цуглаж тэмдэглэх юм гэсэн. Өдөр алдаж шөнө гэж өнөөдөр явж явж оройн гараа байж таарч ажил дээрээ догдлонхон, мэлмэрэнхэн суухаас...

Гэрээсээ гарлаа.
Ойрд гэртээ монгол ТВ үзэж, хаалганаас нааш Монгол, хаалгаа нээгээд гарахаар Ёпоон болоод байгаа.
Ажилдаа гэлдрэхээр хаалганы цаадах Ёпоон руугаа орлоо. Хар халууныг тээршсэн хүмүүс юу ч болоогүйм шиг л зөрөлдөн яаран алхалдсаар.

Харин миний дотор, "бид алт авсан штээ, алт ,алт, Хамаг дэлхийн шударга улстай...".

Урдаас алхах нохойгоо салхилуулах эмээд хэлмээр, дугуйтай өнгөрөх хүүхэдтэй бүсгүйд ч хэлмээр, гайхуулмаар, гэрлэн дохио хүлээгээд зогсож байхдаа "Бид алт авчлаа штээ" гээд л орилмоор. Дотроо бол хэний ч чих дөжирмөөр хашгирсаар ,орилсоор...
Метронд суугаад тайван бодлоо.
Удаа бүрийн Олимпоор "алт"-ыг борооны дараахи мөөг шиг цуглуулдаг та нар ч миний доторхи "сөөнги хоолой"-г яаж л сонсох, яаж ч ойлгох вэ дээ.

Гэхдээ л би орилоод яваад баймаар, хашгираад яваад баймаар.
"алт, алт, алт"
Баярлалаа Түвшинбаяраа.

Aug 14, 2008

Олимпын тэнгэрт Монголын төрийн дуулал эгшиглэнэ




Олимпын 29-р их Наадмын Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Алтан медаль хүртлээ. Ердөө 5-н минутын өмнө.
Ийн Монгол улс маань энэ удаагийн Олимпын зуны наадамд оролцож байгаа 204 орноос медалийн тоогоороо 18-рт жагслаа.

Гэртээ монгол ТВ үздэг болдог болсон учраас Монголд хүмүүс хэрхэн хөөрч, халуунаар амьсгалж байгааг мэдрэн суулаа. Монголоороо догдолж, монголоороо нэг уйлж, баярлаж байна. Газар дээрээс нь нэвтрүүлж сурвалжилж байгаа сэтгүүлчид, студи-ээс хөтөлж буй хөтлөгч нар ч тэр бүгд нүдэндээ баярын нулимстай харагдана. Монгол түмэн бөхдөө хайртай, бөхийн спортыг үзээд сэтгэл хөдөлдөгийн илрэл болуу.

Бээжингийн Биеийн тамирын зааланд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхийг хүлээн ядаж нэвтрүүлэгч залуус Жаргалсайханы "Тамирчны ялалт хямдхан олдоогүй..." гэж амандаа аялцгаана.

Aug 11, 2008

Би дуртай /боулинг/


Тоглох дуртай спорт юу вэ гэвэл дараах 3 байна. Сагсан бөмбөг, Ширээний теннис, тэгээд бас арлын оронд ирээд боулинг гэгч хүнд бөмбөгийг өнхрүүлж 10-н шовгорыг унагаадаг спортод дуртай болсон.


10-н жилийн ахлах ангид л байсан үе байх. Ийгл ТВ-ээр хөөрхөн хөөрхөн хүүхэлдэйг кино гарна. Хамгийн дуртай Flinstone-ийн гэр бүлийнхэн билүү, чулуун зэвсгийн үеийн юм шиг хэрнээ очин үеийн амьдралыг үзүүлсэн хөөрхөн хүүхэлдэй байсан. Тэрэн дээр Фрэд залуу, эхнэрээсээ нуугдан барин хөрш айлынхаа нөхөртэй хамт бөмбөг өнхрүүлж хэдэн шовгорыг унагаадаг тоглоом тоглоно. Эхнэртээ баригдахаараа сайн бажигадана. Юундаа ингэтэл нь дурладаг байна аа гэж эхнэртээ загнуулах Фрэдийг өрөвдөнгүй харахдаа боддог байлаа.
Ёпоонд ирэв.

Боулинг гэгчийг энд байдаг монголчууд ч их тоглоно. Заалгав. Шидэж үзэв. Урамтай ч өнхрөх юм, шовгоруудыг олныг унагах тусмаа улам л гоё, таашаал аваад, Фрэдийг одоо л нэг ойлгож эхлэх нь тэр. Анхны тоглолтын дараа анхан шатны зааваруудыг заалгасан хүн маань яавал аятайхан өнхрөөд байна гээд л асууж байна. Гайгүй шидээд байсан шиг байгаа юм.

Ойрд бараг тоглохоо болив. Хагас жилд ганц удаа ч юм уу.

Австралийн Балларат-д ойрхон байдаг Sovereign Hill гэгч 19-р зуунд алт олборлолтоор хөгжсөн тухайн үеийн хотыг 100% дахин сэргээсэн музей хот байдаг. Тухайн үеийн боулингийн модон бөмбөгөөр шиддэг модон замтай боулинг байсан. Одоогийн боулингийн эхлэл байх.


Орчин үеийнхээс зам нь урт, модон зам дээр модон бөмбөг өнхрүүлж, модон шовгоруудыг ононо. Шидэж үзэв. Тэгчээд гүйж очиж бөмбөгөө аваад, шовгоруудаа өөрөө босгож тавих хэрэгтэй гэнэ..Тэр үед би энэ боулингтай учирсан бол одооных шигээ дуртай болохгүй байх байсан байх.


Төвөгтэй санагдсан.





Одоохондоо дээд рекорд маань 168 оноо. Мундаг хүмүүсийн хувьд бол юу ч биш. Өөртөө бол овоо оноо. Айхтар нарийн ширийн арга барилыг нь мэдэхгүй ч өөрөө өөртөө хэдэн зарчимтай.
1. Хамгийн захын зам дээр шидэхгүй.
2. Дэргэдэх замын хүнтэй зэрэг шидэхгүй.
3. 2 төрлийн бөмбөгөөр шиднэ. Одоо бол 9 болон 8-аар шиддэг. Эхний шидэлт 9-өөр, 1 юм уу 2 гэсэн цөөхөн шовгор үлдээсэн үед хөнгөн бөгөөд хүчтэй өнхөрч чадах арай хөнгөн 8-аар шиднэ.
4. Зангахгүй.
5. Гар болон бөмбөгөө арчсаны дараа шидэх.
6. ...
гээд байгаа. Гэхдээ бага зэрэг нууц. хэхэ

Өчигдөр 4-н найзтайгаа ойрд тоглоогүйгээрээ тоглоод ирэв. Дундаж оноогоороо топ болсон ч сүүлийн тоглоом дээр 1 оноогоор хожигдсон(153 оноо). Тэхдээ өмнөөс ойрхон оноо авах нь битгий хэл холын оноо авдаг найзтай ойрхон оноо авсандаа сэтгэл ханамжтай тоглож чадсан.

8/11 өнөөдөр


Ай айхтар халж байх чинь. Өглөө эртхэн шиг халуунаас зугтаж ажилдаа очих гэж үзэх боловч, 9н цаг гээд л 30 хэм гараад явчих өдрүүд үргэлжилсээр. Ид үдийн цагаар бол шатаж үхмээр байгаа байх. Азаар ид үдийн халууныг ажил дотроо aircon-ий хүйтэн салхин дор өнгөрөөж, ажил дээрээ өдрийг өнгөрөөж суух шиг "аз жаргал" алга.


Арлын нутагт ирээд 6-н жил гаран болов. Жил бүр л 8-н сар хамгийн халуун, бүтэж үхмээр байдаг. Оюутан байхад бол өдийд ид зуны амралт гээд Монгол харьчихдаг байсан. Одоо бол горидолтгүй болсон, дээр нь нэмэгдээд энэ жилийн энэ айхтар халууныг уу, бас гэнэт маш ихээр шаагиж ороод, цахилгаан цахиулаад үер урсгаад өнгөрөх аадар бороо.

Хөдөө орон нутгаар харин бороо орохгүй жил жилийн ургацын хэмжээнд хүрэхгүй нь гэж халаглах тариаланчид, ногоочид цаг агаарын мэдээгээр үе үе гарна.


Ажлаасаа харьж ирлээ. Хаалгаа онгойлгоод гэрлээ асаана. Өрөө гэж саун. Олимп юу болж байна? Зурагтаа асаана. Халууцаж үхлээ. Aircon-оо ч асаана. Өмнөговь явсан гэрийнхнээс сураг байна уу? Компьютер-ээ ч асаана. Цүнхээ ор руу шидээд, юу ч гэсэн мэдээ харна.


Атенна олимпоос алтан медал хүртэж байсан усан сэлэлтийн Китажима 100 метр-т "алтан медал" авсан байна. Өчигдөр Жүдогоор алт авсан Үчишиба-гаас илүү арлын нутаг доргиж байх шиг байна. Улс орноороо хүсэн хүлээж байснаас муухан "эхлэл"-ээр эхэлсэн энэ удаагийн Бээжингийн Олимп. Одоогоор 2 алт, 2 хүрэл.


Өмнөговь явсан манай армийнхан ирээгүй байгаа болтой. Нэтэд байгаа хүн алга. Утасдаж үзлээ. "холбогдох боломж алга" гэнэ. Хөдөө орон нутагт гар утсанд холбогддог болчихсон гэж бодож байлаа, эсвэл утасны цэнэг нь дуусаа юм бол уу.


Хүмүүс, ялангуяа охидууд халуун болохоор хоолны дуршил нь алга болоод "турах" хамгийн тохиромжтой үе гэдэг юм билээ. Надад бол ямар ч хамаа алга болтой. Хоолны дуршил ч тэр, турах асуудал ч бас.

Хоолоо хийж идье. Нэг хүний порц хийж чадахгүй болохоор нэг бол бүгдийг нь шахаж иднэ, эсвэл орой, өглөө ижил хоол угсруулах болно. Ижил хоол дараалж идмээргүй байгаа болхоор ер нь бол ихэвчлэн эхний сонголт. Үр дүн, ходоод муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгч нь болж байх шиг.

Aug 7, 2008

Ургацын далай

Ойрд ажил дээрээ байж байхад яагаад ч юм "ургацын далай" үнэртээд сэтгэл санаа үймүүлнэ. Намар болхоор ч өдөр бүр шахуу хийж иддэг байж билээ.Атар талхыг дүрээд иднэ. Гурил элдэж байгаад дээр нь чигээр нь тавьж буцалгаад иднэ...Бодохоор л...

Ойрд яриагүй байж байгаад аав руугаа ярилаа.

-Бие нь яаж байна?
-Аан, аав нь нарийн мэргэжлээр үзүүлсэн. Айхтар болохоо больчихсон юм бол байхгүй л гэж байна,. Зүгээр өө аав нь. Харин миний охины явуулсан эм яаж уудаг юм?
........................................
/зуны эхэн үеэр хэсэг аавын минь бие нь муудсан юм.
-Эмчлүүлэх үү гэсэн чинь,
- зүгээрээ би ингэж байгаад л үхнэ гээд зөрүүдэлж байна. Баахан гуйж байгаад арай гэж эмчлүүлэхээр болов. Эмнэлэг бараадуулахаар болсон.
Дараа нь,
- Аав, энд ирж оношлуулж, эмчлүүлэх үү ер нь?
- За тэгж самурайн нутагт очиж үхэхгүй ээ гэнэ. Гэнэт үхэх дургүй болов.
(Фүкүшимагийн том газар хөдлөлтийн дараахан байсан юм) /
.................................................
- Миний охины явуулсан цэцэг сайхан ургаж байгаа ш тээ, бас нөгөө цагаан лууван, саладны байцаа хоёр нь сайхан ургасан. Цагаан лууван нь бүр ноднингоос жигтэйхэн том ургасан. Саладны байцаа нь жаахан гашуун юм. Янз янзаар оролдож хоолондоо хэрэглэж үзээд л байгаа...
- Өө тиймүү,ашгүй ашгүй. Энэ жил бороо хуртай байгаа болхоор тэгж байгаа юм болуу даа. Ноднин олигтой ургаагүй штээ тээ.
- Аан тэр ч тийм , тэхдээ аав нь энэ жил худаг ухсан ш тээ.
....................................................
Ашгүй дээ, монголд төмс, лууван, сонгиноос өөр олон төрлийн ногоо тарих юмсан гэж бодож явсан нэг мөрөөдөлд маань баяртай мэдээ болов.


Манайхан цаг агаарын байдал муу, ногоо тариалан тарих хугацаа бага гээд л урд хөрүийн ногоог хортой хоргүй гэж голон муулан хэдэн жил идээд хордоод үхээд сууж л байдаг.

Сайн мэдэхгүй ч урьд нь соц үед ногоо битгий хэл алим жимс ч тариад болоод байдаг байсан санагдана, цаг уурын байдал айхтар өөрчлөгдөөгүй л байгаа баймаар.
Урд хөршийн ачаар бэлэнчлэл, залхуурал л нэмэгдсэн байх.
Хэдэн жилийн өмнөөс ногоожуулах ч билүү гэр хорооллынхонд ногооны үр тарааж тариулдаг сайн дурын үйл ажиллагаа явагдаж байгаа гэж сонсогдоод байсан. Одоо юу болж байдаг юм бол? Олигтой хэрэгжээгүйн илрэл үү, ноднин урд хөршийн ногооноос болж хордлоо, өвдлөө, хориглолоо гээд л байсан.

Тэгээд ноднингоос эндээс элдэв монголд тарьдаггүй ногооны үр, тэхдээ Хоккайдо гэсэн Монголтой ойролцоо цаг ууртай газар, 6-9-н сард ургадаг ногооны үр сонгож аавдаа тариад үзээч гэж аваачиж өгсөн байсан юм.
Ургаж байна гэнэ. Болж л байна. Урамтай байна.
Ганц ч гэсэн монголд ургах ногооны үртэй харих нь. Япончууд тэгж "суусан газраасаа шороо" авч хариж, хуулсаар, сайжруулсаар хөгжсөн л юм.
Ядаж урд хөршийнхөө ногоог царай алдахгүй болчдог бол ч.
Монголын ургац арвин болтугай хэхэ.

Aug 2, 2008

Оюутан цагийн дурсамж

Нэгэн өгүүллэг санаанд оров. Жижигхэн өгүүллэг байсан санагдана, уран зохиолын хичээл дээр үзэж байлуу эсвэл гэрийн номын санд байсныг нь ч уншиж байлуу. Нэр нь орж ирдэггүй, утгыг нь товч бичье.

Хотын нэгэн ганган залуу амралтаараа хөдөө явдаг санагдана. Ээжийн эрх танхил ганган залуу, онгоцонд сууна. Хэн ч харсан цэвэрч цэмцгэр, ганган "нийслэл хүү". Онгоцонд үеийн хүүхнүүдтэй тааралдан хүүхнүүд шивэр авир хийнэ.

Үйл явдал нь хальт хальт л санаанд орж ирээд гараад байна.

Дараа нь мань ганган залуу хөдөө очоод яагаад ч юм боорцог хийдэг санагдана. Боорцогны гурилаа хүйтэн усаар зуураад, халуун тос нь үсчээд, ганган залуугийн нүүр нь халуун тосонд түлэгдээд, цэврүүтээд, ээжийн эрх хүү хөдөө нутагт алингаа алдана. Ядахад яр гэгчээр ирэхдээ нэг онгоцонд тааралдсан хүүхнүүдтэйгээ тааралдаад, нүүрээ хийх газаргүй болдог билүү дээ.

Оюутан болоод удаагүй байсан үе, 10-н жилээсээ дотносож найзалсан 4-н охин анх удаа хотоос зайдуу аялалд явахаар шийдлээ. Бөөн хөөрсөн 4, нэг найзынхаа аавынх руу нь явлаа. Нэг их хол биш, вагоноор ганц хоёр цаг яваад л хүрэх газар, Партизан.

Барс захаас идэх уух юмаа болон хэрэгтэй юмсаа аваад замдаа гарлаа. Залуу 4н охин хальт аятайхан хувцасаа өмсөөд, цүнхээ үүрээд, вагондоо суугаад, анхны, алсын, андуудын аялалд гарлаа.

Вагон дотор хотод сүү, ногоо зараад буцаж байгаа хүмүүс дүүрэн, суудлын дундуурх замаар битон дүүрэн. Арай гэж өөд өөдөөсөө харсран 4-н хүний суудал олж яваад товхинож эхлэв.(нээх хол явах ч юм шиг)

Үргэлж л арзаганалдаж инээлдэж явдаг юм хойно, бас л нэг нэгнийгээ цаашлуулж инээлдэж ханиалдаж, эмээ өвөө нарын харцыг цуглуулна.

Тэр үед оюутнууд сургуулийнхаа номын санд цуглаж "мушгих" газар авч байсан үе. Одоо ямар байдаг юм бол. Мэдээж юу гэж хөзрөө мартсан байхав, зүгээр байхаар мушгиж сууя л гэлээ.
Гэтэл 4-үүлхнээ байгаад байдаг. Тэгтэл хэдэн суудлын зайтай бидний үеийн нэг залуу ганцаараа сууж харагдана. Ер нь бол тэр вагон дотор тэр залууг оруулаад бид таваас өөр залуу хүмүүс байгаагүй байх. Манай нэг гүйж очоод "залуу мушгих уу?" гээд л дагуулаад ирлээ.
Нэг их удалгүй буух газраа бууж, тосч авсан найзынхаа аавын морин тэргэнд суулаа. Яршиг төвөгтэй замаар жаахан явсаар очих газраа очив.

Уултай, ус голтой сайхан тал газар. Анхны аялал.

Майхнаа бариад тавьчихлаа. Найзын аав өмнөх өвлийн зудаар малаа алдаж ганц хонь үлдсэнээ охиныхоо найз нарт гаргаж өгнөө гэж байна. Айхтар их баярласан ч малчин хүний амьдралын бэрх, эцэг хүний сайхан сэтгэлийг мэдэрсэн санагдана.

Орой боллоо. Хээрийн аялал гэхэхэр юу байх уу?
"Түүдэг гал"
Галаа асаах гээд 4-н охин юу чаддагаа бүгдийг хийх шиг болсон. Салхи хүчтэй асч өгөхгүй, оролдож оролдож асаалаа, баярлаад дуулаад тойрч гүйхээ шахав. Тэгсэн галыг минь асаахад саад болоод байсан салхи, эргээд бүүр галыг минь дэврээгээд гал түймэр тавихаа шахаж сандаргав. Үнэхээр айсан шүү, ингээд ойн түймэр тавьдым байжээ гэж.


Идэж ууж, инээлдэж хөхрөлдөж, тоглож наадаж, даарч хөөрч, анхны бөгөөд одоохондоо сүүлийн 4-үүлээ явсан аялал байж билээ.

Харин харих вагонд.

Нөгөө их цоглог охид байхгүй ээ, борлоод, за борлох ч гайгүй байна. Хувцас хунар нь халтайгаад, нүүр ам нь будаг шунхгүй.

Гэтэл ирэх замдаа танихгүй залуу дээр гүйж очиж " мушгих уу залуу " гээд байсан найз маань нүүр нь булдруутаад, нүдэндээ хөх толботой болоод авсан байлаа, тэгээд бүр буцах вагонд нөгөө ирэхэд тааралдсан залуу хот руу буцаж явсан нь харагдсан, тэгээд бүр нэг вагонд шүү.

Үг солилцох нь бүү хэл эгцэлж харж ч чадахааргүй өнгөрсөн гэж. Залуугийн инээд нь хүрсэн байх даа.

Аан тийм, 4-н охин хоорондоо зодолдсон юм биш шүү. хэхэ

Майхан тойрч гүйж тоглож байгаад майхны гадсанд тээглээд унаад юм очоод мөргөчихсөн юм.

Эхэнд бичсэн өгүүллэгтэй төстэй санагдаад өнөөдөр дурсамжаа дурсаж бичив.

Aug 1, 2008

Өдрийн мэнд, сайхан өдөр байна шүү


Манайд ойрхон нэг монгол гэр бүл амьдардаг юм. Тэднийд очихоор тэдний амьдардаг/ихэвчлэн гэр бүлээрээ амьдардаг байр/ байранд орвол тааралдсан эмэгтэй инээмсэглээд мэндлэнэ.

-"өдрийн мэнд, сайхан өдөр байна шүү,

- өдрийн мэнд, харин сайхан өдөр байна, салхи ч сэрүүхэн салхилаад...

Хамтдаа лифтэнд суулаа.

-ямар өндөр охин бэ? хэдэн давхарт гарах юм?

-12 , баярлалаа. /12 руу гарах товчийг дарж өглөө/

- За байз 12...? хэнийх рүү орох гэж байгаам болоо, А-гийнхний гэр рүү?

- аанха, ямар сайн мэдэж байх юм бэ...

- аан мэднэ мэднэ, намайг мэнд хүргэж байна гээрэй гэсээр 4н давхарт буулаа.


Өөрийнхөө байранд ирлээ, бүгд нүүрээ буруулна, харцаа буруулна, хурдхан өнгөрөхийг хичээнэ. Үүдний хаалгыг бүгд өөр өөрийн түлхүүрээр онгойлгодог юм. Зэрэг гаднаас хоорондоо бие биенээ танихгүй 2 оршин суугч орж ирсэн ч нэг нь түлхүүрээрээ онгойлгоод дотогш орсны дараа автомат хаалга хаагдаад, дахиад өөрийн түлхүүрүүрээ онгойлгоод орох юм.За тэгээд охид бол эрэгтэй хүнтэй тааралдчуул аль болох аль өрөөнд амьдардагаа мэдэгдэхгүйг хичээнэ.
Зүгээр бодоход бол дэргэдээ хэн амьдарч байгаад мэдэж байвал сэтгэл амар баймаар байтал энэ нутагт бол дэргэдээ амьдарч байгаа хүнтэйгээ танилцалгүй, өөрийгөө мэдэгдэлгүй өөрөө өөрийнхөөрөө таг дуугай амьдарч явах нь дээр орчин байх юм, хэдийнээс ч юм бол доо.
ТВ харж байхад манай байранд болж байгаа үзэгдэл ерөнхийдөө Японд ихсээд үзэгдэл юм байх. Дэргэдээ хэн амьдардагийг мэддэггүй, мэндэлдэг ч үгүй. Гэр дотроо ч биш гэрийн гадна ч хүмүүсийн хоорондын харилцаа хумигдмал, давчидмал байх юм.

Байрандаа мэндчилгээ өргөжүүлэх гээд тааралдсан болгонтойгоо мэндлэхийг хичээгээд л байгаа, одоогийн байдлаар үр дүн зэро.

Монголд ямар бол одоо?

Намайг монголд байхад амьдарч байсан байр маань аавын ажлынхан 100% амьдардаг байсан болхоор бүгд таньдаг, мэндэлдэг, хэрэгтэй үедээ нэг нэгэндээ тусалдаг, орж гардаг байсан. Харин аавын ажил дээр нэг архидалт эхэлвэл ч 26-р байр тэр чигээрээ согтуурлын байдалд донхолздог байсан санагдана.

Мэдиа ба ар араасаа цуврах гэмт хэргүүд

Японд сүүлийн үед гэмт хэргийн төрлүүд өөрчлөгдөж ирж байх шиг. Голчлон хүмүүсийн хоорондын харилцааны асуудал, ялангуяа гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондох гэр доторхи харилцааны дутагдал, үл ойлголцох байдлаас, аав ээжийгээ үзэн ядаж насанд хүрээгүй хүүхдүүд нь эцэг эхээ хөнөөчих юм.
Шалтгаан нь ихэвчлэн ээждээ загнуулсан, аав тоогоогүй гэнэ.
Багадаа чихээ дөжиртөл гэрээ цэвэрлэ, аягаа угаа, хичээлээ хий гэж үглүүлэн, үгэнд нь оролгүй цохиулаад авах нь ч цөөнгүй байсан бидний, миний хувьд яаж ойлгохгүй гэм үйлдлийн шалтгаан.

Тэр бүрт нь ТВ-ээр гэмт хэрэгтний тухай бас деталчилсан анализ гарч, мань хүн аргагүй байдалд орсон байна,бүгд хүүхдээ зөвөөр хүмүүжүүлж чадахгүй эцэг эхийг бий болгосон энэ нийгмийн, энэ засгийн буруу гэсэн дүгнэлт рүү хүрч чимээгүйхэн улс төржсөн үнэр үнэртүүлээд авна.

Хүн хэлэхээс нааш
Цаас чичхээс нааш гэдэг.

Нэг тийм гэмт хэрэг гарахад борооны дараах мөөг шиг нь жижиг том хэмжээгээр ижил төстэй хэргүүд гараад эхэлнэ.
ТВ-ээр өөрийгөө харах шиг болсон аав ээжийн "маамуу"-нууд би ч бас энэ хүнтэй адилхан юм байна шүү дээ, ийм арга замаар өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн мухар бодолд хөтлөгдөн ижил төстэй гэмт үйлдэл рүү орчихно.

Хүн ер нь сармагчин шүү дээ. Яг дагана.

Өө би ч бас ийм байдалд орчихсон байна, би ч ингэж болох юм байна л гэж бодно. Бүгдэд бурууг өгнө, яг л ТВ-ээр сонссоноороо аав ээж, засаг төр, бусад хүмүүсийн буруу... гээд л өөрөөсөө бусад буруутай. ТВ-ээр тэгж хэлж байсан, би ч тэгж бодож байна гээд л.

Нэг үхрийн эвэр доргивол
Мянган үхрийн эвэр доргино.

Доргиогч нь Мэдиа, ТВ-ийн анализ.

May 20, 2008

Cocktailroom-ын коктейл нь хааччив?



Ажилдаа яваад сая ирээд үзтэл коктейл өрөөнд маань байсан 2 коктейл алга болчихсон байх юм? Хараагүй биз таминь?
Уг нь дээрхи толгойг хийсэн байсан юм.....

May 19, 2008


Монгол- Япон гэр бүлийн зураглал


Аав -
ажлаа сайн хийнэ, цалингаа авчирч ээжид тушаана.

Ээж-
гэрээ сайн цэвэрлэж, хоол гоё хийж, хувцас угаан,хүүхдүүдээ хүмүүжүүлнэ, аавын авчирсан цалинг зөв зохистой зарцуулна.

Хүүхдүүд-
Хичээлээ сайн хийнэ, давтлага дамжаандаа байнга амжилттай явна. Дүнгээ ахиулж сайн сургуульд орно.

Японы гэр бүлийн үүргийн хуваарилалтын дүр зураг.


Аав-
ажлаа хийнэ,цалингаа авчирна. Амралтын өдрөө гэрийн эвдэрсэн хагарсныг янзалж, хоол хийлцэх ч үе байна. Хүүхдүүдээ хаачихна уу, яахнуу гээд л загнана. Ээжтэй хамт шоппинг хийнэ.

Ээж-
бас ажлаа хийнэ, эрт харивал хоолоо хийнэ,амттай ч хийж болно, амтгүй ч хийж болно. Хувцас угаана, үглэнгээ бас гэрээ цэвэрлэнэ. Оройд даалгавараа хийснүү гээд л шалгаана, хаачихнуу яахнуу, юу хийв шалгаана.

Хүүхдүүд-
чадлаараа сурна, муу, дунд авбал харин жаахан үглүүлнэ. Дутуу ч гэсэн аягаа угаана, гэрээ цэвэрлэнэ, хувцсаа дуртай дургүй угаана. Амттай амтгүй ч гэсэн эрт гэртээ ирвэл ээлжлээд хоолоо хийнэ. Аав ээжээ найрч найз нартайгаа гадагш гарах гэж үзнэ.

Монголын гэр бүлийн байдал.(ямар ч байсан манайх:))

Би энийг чи энийг хийнэ гээд үүргийн хуваарилалт хийчихсэн Япон гэр бүлийн дотор эхнэр нөхөр, аав ээж хүүхдийн хоорондын харилцан яриа, солилцох үгийн тоо ч багасаад ирэх нь ойлгомжтой мэт. Өөрийн хийх юмаа чимээгүйхэн хийгээд явж байтал өдөр хоног өнгөрөөд хэнд ч юу ч хэлүүлэхгүй явсаар...нэг мэдэхэд гэр бүл, аав ээж, хүүхэд гэсэн харилцаа нь нимгэрч, өөр хоорондоо эзлэх орон зай нь өөр орон зай болж, хамтран амьдрагч хэн нэгэн мэт хэлбэрт орсон айлууд мэр сэр байх шиг.

Миний л харж үзэж байгаа мэдээллийн хувьд. Би ямар Япон айлтай амьдарч үзсэн биш.

Ажлыг хүн, хувь хүнээс илүүд үзэх энэ нийгмийн ёроолд чимээгүйхэн бөгөөд чимээтэйхэн гарч ирээд байгаа үзэгдэл.

Oct 3, 2007

Станфорд Их сургуулийн туршилт, 1971он


Нөхцөл байдал, эрх мэдэл, боломж байгаа бол ямар ч хүн Гитлер шиг хэрцгий авирлан хүчирхийлж, Садам Хуссейн шиг дарангуйлах магадлалтай юм гэснийг баталсан нэгэн туршилтын тухай Сэтгэл судлалын холбогдолтой нэгэн хичээл(чөлөөт сонголт) дээр үзэж байсан юм. Магадгүй мэддэг хүмүүс ч бий байх.

1971онд АНУ-ын усан цэргийн хорих газарт хоригдол болон хуягуудын дунд зөрчилдөөн асуудал ихээр гарч, тэдгээрийн зохицуулахын тулд нэгэн туршилт Станфорд их сургуульд хийгдэн Сэтгэл судлаач профессор Филлип Зимбардо-ын удирдлаган доор явагдсан байна.

Бэлтгэл:
Туршилтад оролцогчдыг сонингийн зараар цуглуулан, нийт 70 орчим хүнээс биеийн байдал эрүүл, сэтгэл санааны хувьд тогтвортой гэж шалгарсан 24 хүн сонгон үлдээж, зоос хаян хагас нь хоригдол, хагас нь хуягийн дүрд цагийн 4 долларын урамшуулалтайгаар нийтдээ 2 долоо хоног "тоглох"-оор болсон байна.
Станфорд их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн подвольд яг л жинхэнэ хорих анги мэтээр засан тохижуулсан, дотроо давхар ор, жорлон бүхий сараалжтай өрөөнүүд, корридор, үймүүлсэн хоригдлын шийтгэн хорих ердөө л зогсоогоороо л байж болохуйц багчим харанхуй өрөө, эдгээрийн хаана нь ч гадаах байдлын харах цонх байхгүй, цагийн баримжаа авах цаг ч өлгөөгүй байна. Мөн Профессор болон судлаачид туршилтанд оролцогчдыг хянаж байх хяналтын камер байна.

Туршилтыг улам бодитой болгохын тулд анхнаасаа хоригдлуудыг "хулгай хийсэн хэргээр" гудамжинд байхад нь болон гэрээс нь дүүргийн цагдаа(туслалцаж) нар баривчлан авч явж Станфорд-ын "хорих тасаг"-т авчирна. Хоригдлуудын хувцасын тайлж шалгалт хийгээд муухан даавуун хоригдлын хувцас болон хүн бүрт хоригдлын "дугаар"-ыг олгож туршилтын турш хоорондоо уг дугаараар дуудалцахыг үүрэг болгоно. Мөн үс хуссан маягийн болгохоор хүн бүрт шилэн тирко толгойд нь өмсүүлсэн байна.

Хуяг нарын хувьд ч мөн адил журамт хувцас болон бороохой, хоригдлуудад харцны байдлыг нь харуулахгүйн үүднээс том хар нүдний шил олгоно.
Туршилт эхлэв:
Эхний өдөр хоригдлууд болон хуягууд хоорондоо тун эвтэй найртай байлаа. Тэхдээ энэ байдал нь профессорын бодож байснаас ч удаан үргэлжлээгүй байна.
Хоёр дахь өдрөөс асуудал үүсч торон дотор өчнөөн цаг өнгөрөөж хуяг нарт хянагдах хоригдлууд жижигхэн асуудлуудаас болж хуягтай муудалцан, толгойдоо угалсан шилэн тирког авч, хувцсан дээрхи дугаараа хуу татах гэх мэтээр авирлаж, өрөөнд орж ирэх гэсэн хуягуудыг оруулахгүй гэж ороороо хаалт тавина. Хуягууд нэмэгдэл хүч дуудан асуудлыг зохицуулах хэдий ч дахин ийм байдал гаргахгүйн тулд хоригдлуудад хатуу хандаж эхлэн, улам бүр жинхэнэ "хуяг" шиг авирлан дүрдээ орж эхлэнэ. Хоригдлууд ч мөн эхэндээ стрессдэж, эсэргүйцэх ч, аажим аажмаар хоригдол мэт зан гаргах болж бага багаар хуягийн үгэнд орж эхлэн, зарим нэг нь өлсгөлөн зарлан суулт хийж, туршилтыг дундаас нь болихыг хүсэх ч, хуягуудын явуулгаар зөвшөөрөгдөлгүй үлдэх болно. Хоног өнгөрөх тусам хуягуудын байдал улам бүр даамжирч, үг хэлээр доромжилхоос даамжирч сүүлдээ бүр анхнаасаа хориглогдож байсан хүчирхийлэл хүртэл нууцаар явагдсан байна(шөнийн цагаар камерыг тасалж байсан гэх).

Туршилтын үеээр оролцогчдын гэрийнхэн болон найзууд гэх хүмүүс тэдэн дээр эргэлтээр ирсэн хэдий ч нэг нь уг "хорих газар"-т дээрхи асуудлууд байгааг анзаараагүй мэдээгүй өнгөрсөн нь хачирхалтай. Эсэргүүцэл үзүүлэн харихыг хүсч байсан "хоригдлууд" ч мөн адил энэ газар юу болоод байгааг хэнд нь нэг ч үг цухуйлгаагүй өнгөрсөн байсан гэх. Анхандаа зөвхөн "хуяг", "хоригдол"-ын дүрд тоглон эхэлж найзын дунд байсан хүмүүс хэдхэн хоногийн дотор жинхэнэ "хуяг", "хоригдол" гэсэн харилцааг тогтоосон байсан болов уу гэлтэй. Эргэлтээр ирсэн хүмүүст үг алдсанаар эргэж очоод шийтгүүлж магад гэсэн бодол бүгдийн толгойд байсан ч юм болов уу.

Эхэндээ 14 хоног үргэлжлүүлэхээр төлөвлөгдөж байсан туршилт ердөө 6-хан хоногт хүчээр зогсооход хүрсэн байна.
Хүн нь, нийгэм дэх олон олон статус дотор бусдаас хүлээгдэж байгаа статус болон өөрөө өөртөө оноож байгаа статус-таа өгөгдсөн эрх мэдэл, имээж, нөхцөл байдалд өөрийн мэдэлтэй болон мэдэлгүйгээр тааруулан "жүжиглэж", улмаар түүндээ шингэн ордог амьтан юм болов уу. Сайнтай ч муутай ч.
Хүний эрхийн асуудлаас эхлэн олон асуудалд орсон энэ туршилт нь Сэтгэл судлалын салбарт томоохон туршилтад орж, өнөө ч гэсэн Ирак дахь Америк цэргүүдийн хүчирхийлэлийн асуудалтай холбогдон энэ туршилтын тухай яриа гарч ирдэг гэх.
PS: Энэ туршилтан дээр сэдэвлэсэн кино 2001 онд хийгдсэнийг нь өчигдөр мэдлээ. (ES) Das Experiment (2001)
100% Баримтат биш тул, түүх нь өөр байгаа байх. Маргааш авч үзнээ.
2008/5/18
for more information: http://www.zimbardo.com/

Sep 23, 2007

Ижийд минь битгий хэлээрэй

Хүнд намайг дурлалаа гэж битгий хэлээрэй
Хөөрхий ижий минь шаналж мэднэ
Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ
Хүнээр далдуур уйлчихаж мэднэ

Босон суунгуй боддог гэж
Бодоод байхлаараа уйлчихдаг гэж
Бов бор нүдтэй гэж
Болоогүй бас чамд шүлэг бичсэн гэж

Зүүдэлж сэрэхлээрээ хөөрдөг гэж
Зүсийг нь үзээд айдаг гэж
Хав хар хөмсөгтэй гэж
Харамлахаараа атирдаг ууртай гэж

Ижийд минь битгий хэлээрэй

Үсийг минь хааяа илдэг гэж
Үймүүлж орхиод холддог гэж
Худлаа хэлдэг уруултай гэж
Хуурсаар байгаад үнсчихдэг гэж

Ижийд минь битгий хэлээрэй

.....

Г.Мөнхцэцэг

Sep 20, 2007

3776 метрийг зорьж... (эхлэл)




Их наран улсын симбол болсон Фүжи уул, хаанаас ч харсан үнэхээр сүрлэг уул. Аль ч өнцөгөөс харсан адилхан хэлбэртэй харагдах, тухайн улирал цаг агаарын байдлаас шалтгаалан олон олон нүүр царай үзүүлэх Японы хамгийн өндөр, 3776 метрийн үзэсгэлэнтэй уул юм.

4-н жилийн өмнө Япон хэлний сургуульд байхдаа автобусаар 5гомэ буюу тал хүртэл нь гарч үүлэн дээр гарсандаа баярлан зураг хөргөө татуулаад бууж байсан хэдий ч түүнээс хойш холоос сүрлэг барааг нь харан орой дээр нь нэг авирах юмсан гэж бодсоор явсан юм.

Гэтэл өнгөрсөн хагас бүтэн сайнд найз нартайгаа хамт оройд нь хүрч, энэ сүрлэг уулын оройг ороолон байдаг хөвсгөр үүлсийн дээрээс бэлээр нь тойрох Фүжи-г тольдох нуур, цагираглан давхцах солонго, гараа сунгахад бариад авчиж болмоор тэнгэр дүүрэн гялалзах үдшийн одод, монголын минь салхийг санагдуулах урьхан салхийг амтлах завшаан тохиосон юм.
Аялалыг санал болгосон А найздаа болон хамтдаа хөгжилтэй аялсан найзууддаа дахин баярлалаа гэе.

Фүжи уул маань далайн түвшинээс дээш 3667 метр бөгөөд уулчид ихэвчилэн (бидэн шиг анхан шатны уулчид) 5гомэ буюу 2000метр хүртэл машин, автобусаар гараад цааш авирдаг юм. Бид ч мөн тэгсэн юм.
Токиогоос цахилгаан галт тэргээр 1 цаг орчим яваад Фүжи ууланд ойрхон Одавара гэдэг газраас дахин машин хөлслөн явлаа. Машинаар бол 5гомэ хүртэл 1 цаг орчим л болтой байсан хэдий ч анх удаа аялж байгаа бид буруу замаар явж эргэж буцсаар багахан цаг алдаад авсан юм. Гэхдээ их азтай, бидэнтэй адил төөрөлдөн явсан хоёр жапан залуустайгаа эргэн тааралдан, тэд нар маань ч зөв замаа хаа нэгтээ заалгаад авчихсан, бид 2-ыг дагаад яваарай гэж байна. Дагаж явсаар 2000 метрийн өндөрт машинаараа хөөп гээд гарчихлаа.

Бодож байснаас юу ч байхгүй дүнхийсэн пад харанхуй газар, хүмүүс энд тэнд гар чийдэн ёлтолзуулна. Өмнө нь өдрийн цагаар ирж байхад дэлгүүр хоршоо ихтэй хөл хөдөлгөөнтэй газар байсан юм. Машинаасаа буугаад тэртээд дээр гялалзах тэнгэрийн од, биднээс доогуур хөвөлзөх үүлсийг харч мэл гайхаж цэл алмайрч нэг мэдсэн 2000 метр дэх хүйтэн салхинд цохиулах шахав. Авчирсан хувцасаа гялс манас өмсөж аваад, найз нарынхаа авчирсан хоолноос хуваалцаж идээд авирах бэлтгэл хангагдав. Бөөн энерги бөөн настри :)Урагшаа!!! Бишээ дээшээ!!

May 16, 2007

Морри багштай өнгөрүүлсэн Мягмар гаригууд (1)


Амьдралын утга учир шалтгаан, гэр бүл, хайр, ажил гээд л бидний өдөр тутам бодож толгойгоо гашилгах үедээ гашилгаж явдаг сэдвүүдийн талаар нэгэн настай багшийн хичээлээс бичигдсэн нэгэн номыг орчуулж үзьз гэж бодсоор явсан юм. Би өөрөө уншсан нь хэдэн жилийн өмнө. Өөртөө ч хүргэж хүнд ч хүргэх үүднээс, бас дээрээс нь гадаад хэл, бас монгол хэлний мэдлэгээ барих зорилго агуулан, цувралаар орчуулан тавих болно. Алдаа огноо байвал хэлж хайрлана уу.


Нэг: Хичээлийн тухай ерөнхий
Хөөрхий хөгшин багшийн минь сүүлийн хичээлүүд долоо хоногт нэг удаа, түүний гэрт, цонхны дэргэд өглөөний цайны дараа явагддаг байсан юм. Хичээлийн сэдэв "Амьдралын утга учир". Бүгд, настай профессорын өөрийн туулж ирсэн амьдралаас олж мэдсэн зүйлсийн тухай байсан.

Түүний хичээлд даалгавар болон дүн байхгүй, гэхдээ долоо хоног бүрт тест-тэй байлаа. Тэр нь настай багшийн асуусан асуултанд хариулах, мөн өөрөө асуулт бэлдэж түүнээс асуух гэсэн тест байсан юм. Түүгээр ч зогсохгүй хичээлийн дундуур настай багшийн биеийг тэргэнцэр дээрээсээ гулсан доошлох үед эргүүлэн өргөн суудалд нь тэгшлэх, унаж ирсэн нүдний шилийг нь тааруулан зүүж өгөх гэсэн биеийн хөдөлмөр шаардагдан, мөн хичээлийн төгсгөлд баярлалаа, баяртай гэж түүнийг үнссэнээр оноогоо өсгөдөг байсан юм.

Хичээлд ямар ч сурах бичиг хэрэггүй, тухай бүр хайр, ажил алба, хамт олон, гэр бүл, хөгшрөлт, уучлал өршөөл, тэгээд эцэст нь үхэл.... гэсэн сэдвүүдийг багтаасан байсан юм.Хамгийн төгсгөлийн хичээл маань маш товчхон, ердөө хэдхэн үг л байсан.
Төгсөлтийн баяр бол оршуулгын ёслол.

Түүний хичээлд эцсийн шалгалт байгаагүй хэдий ч түүний хичээлээс юу сурч мэдэж авсан тухайгаа дүгнэн бичих хэрэгтэй байлаа, Тэр нь энэ, таны гарт байна.
Настай багшийн маань хичээл ганц л оюутантай байлаа, тэр нь би...


1979 оны хаврын төгсгөлөөр нэгэн чийгтэй халуун Бямба гаригийн үд дунд.

Зуу зуун оюутнууд Их сургуулийн хашаан дахь зүлгэн дээр эгнүүлсэн сандал дээр зэрэгцэн сууцгаана. Бүгд цэнхэр урт хантааз өмссөн оюутнууд сургуулийн захирлын индэр дээр хэлэх уртаас урт үгийг тэсэн байн сонсож байлаа. Түүнийг үгээ хэлж дуусангуут төгсөлтийн баярын ёслол дуусч бид бүгдээрээ хашгиралдан малгайгаа авч өөд шидсэнээр, Массачүсэтийн Брандийс Их сургуулийн бакалаврын ангийг албан ёсоор төгсөв.

Профессор Морри Шварц миний хайртай багш нарын минь нэг байсан учир түүнийг танилцуулахаар гэрийнхэнийхээ байгаа газар руу дагуулан очсон юм. Хүчтэйхэн салхи ирвэл тэнгэрт нисээд л явчихмаар тэрээр жоохон жоохоноор хөлөө зөөж ядан алхлах жижигхэн биетэй, гялалзсан цэнхэр нүд, гурвалжин хамар, том чихтэй, өргөн дух руу нь хэдхэн ширхэг мөнгөлөг цагаан үс унжина.

Тэрээр эцэг эхэд маань түүний хичээл дээр би хэрхэн оролцдог байсан тухай ярьж, "Та хоёр үнэхээр сайн хүүтэй, түүнээр бахархах хэрэгтэй " гэнэ. Би жаахан ичингүйрэн доош хөл рүүгээ харна. Тэгээд түүнтэй салахдаа төгсөлтийн баярын өмнөх өдөр түүнийг мартахгүй байхын тулд түүнд авсан байсан мөнгөлөг өнгөтэй жижигхэн цүнхээ багшдаа бэлэглэсэн юм.
Магадгүй би, түүнийг намайг мартахгүй байхыг хүссэн байх.

"Митч, чи үнэхээр сайн шавь байсан шүү" гэж тэр инээмсэглэн хэлээд намайг тэвэрэхэд надаас жижигхэн биетэй тэрээр яг л миний хүүхэд шиг нуруугаар минь бүтэн тэвэрч, миний дотор сонин болж нэг л том болчихсон юм шиг хачин оргиж билээ. Тэр холбоотой байгаарай гэж хэлэхэд би юу ч бодолгүй "мэдээж" гэхэд, нэг алхам хойшлох түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг би олж харсан юм.

May 11, 2006

Хэрвээ эх дэлхий минь зуун хүнтэй тосгон гэвээс...

Мэргэжлийн сургуульд байхад нэг багш маань ийм гарчигтай бяцхан зурагтай ном үзүүлж байсан юм. 1990 онд анх бичигдсэн гэх. Уншаад яагаад ч юм бага зэрэг шок-нд орж байсан санагдана. Бид Африкт хүмүүс өлсөж, цангаж, өвдөж, шаналж үхлийн ирмэг дээр байгаа гэдгийг хэн хүнгүй мэддэг хэдий ч яг хэдий хэр хүн тийм зовлонт амьдралыг туулж байгаа вэ гэдгийг мэддэггүй. Энэ номон дээр нийт хүн амыг 100 хүн гэж(100%-р харьцуулахад амар) үзээд доорхи статистикийн тоог гаргасанаар мэдэхэд тун амар.

Аз жаргалыг бид янз бүрийн шалгуураар авч үздэг. Та намайг аз жаргалтай юм аа гэж хэлэхэд би өөрийгөө аз жаргалтай гэж бодохгүй байж ч болох. Гэвч доорхийг уншсан хэн ч болов өөрийгөө аз жаргалтай юм байна шүү, бурхны ивээлд багтсан нэгэн юм байна гэж хоромхон зуур ч гэсэн бодох болов уу.


Хэрвээ эх дэлхий минь зуун хүнтэй тосгон гэвээс...
Тэр зуун хүний:

57 нь Ази хүн,
21 нь Европ хүн,
14 нь Өмнөд болон Хойд Америк хүн,
8 нь Африк хүн байна.Тэгээд тэдний:

52 нь эмэгтэй,
48 нь эрэгтэй,

70 нь өнгөт арьстан,
30 нь цагаан арьстан,

30 нь Христийн шашиныг,
70 нь бусад шашныг шүтдэг.Мөн

89 нь эсрэг хүйстэнтэйгээ хайрлалцаж дурлалцан, харин
11 нь ижил хүйстэнээ сонирхдог байх юм.

Тэдгээр зуун хүний ердөө л 6 нь энэ ертөнцийн бүх эд баялгийн 59%-ийг эзэмшиж, тэр 6 хүн 6-лаа Америкийн иргэн гэх.

Нийт 80 хүн стандартаас доогуур амьдрах орчинд амьдарч,
70 хүн бичиг үсэг тайлагдаагүй, уншиж чадахгүй юм. Үлдсэн 30 хүний нэг нь та болж таарна. Яагаад гэвэл та үүнийг уншиж сууна.

Дахиад, 50 хүн тэжээлийн дутагдалд орон тарчилан зовсоор,
Нэг хүн тэнд үхлийн ирмэг дээр хэвтэнэ.

Харин баяртай мэдээ, нэг бяцхан жаал энэ хорвоод юу юугүй дуугаа цангинуулах гээд хүлээн ядан байх болно.

Энэ 100 хүний 1 хүн нь,ердөө л 1 л хүн нь их, дээд сургуульд боловсрол эзэмшин,
бас 1 л хүн компьютер эзэмшиж байна. Магадгүй тэр ганц хүн нь та юм.

Хэрвээ үүнийг уншиж буй та, энэ өдөр өглөө нүдээ нээхэд ямар нэгэн өвчин зовиургүй, эрүүл саруул байгаа бол та, энэ долоо хоногтоо амьд үлдэж чадах уу үгүй юу байдалд байгаа 1 сая хүнтэй харьцуулахад аз жаргалтай нэгэн юм.

Хэрвээ та, дайн тулааны аюул, өлсгөлөн, гай гамшигт нэрвэгдэж байсан удаа байхгүй бол та, энэ ертөнц дээрх 500сая хүнээс илүү аз жаргалтай нэгэн юм.

Хэрвээ танай гэрийн хөргөгчид идэх хоол, шүүгээнд тань өмсөх хувцас, таныг дээшээ харахад дээр тань тааз байвал, өнөө орой унтаж амрах газар байгаа бол та, энэ ертөнцийн нийт хүмүүсийн 75%-аас илүү чинээлэг амьдралтай нэгэн юм. Өөрөөр хэлбэл та чинээлэг буюу түүнээс дээш амьдралтай 25%-д багтаж байгаа болно.

Тэгээд бүр, таны банкны дансанд тань бага ч болов хадгаламж байгаад, яг одоо түрийвчэнд тань бас мөнгө байгаа бол та, энэ ертөнцийн хамгийн баян чинээлэг дээд түвшний 8% болох хүмүүсийн нэгэн болж таарна.

Apr 20, 2006

Эх үр


Бараг сарын өмнө бичиж байгаад, гэнэтийн ажил гараад хадгалчихсан байсныгаа таг мартчихсан байна. Дуусгаж бичив.

Өнөөдөр нэг хоолны тухай өөрийн бодсон зүйлээ бичье гэж бодлоо.
Японд "Донбүри" гэж хоол байдаг. Яг энэ "донбүри" гэдэг ч зурган дээр байгаа ийм төрлийн аягыг нэрлэдэг юм гэнэлээ. Ямар төрлийн хоол вэ гэхээр ер нь тун энгийн, ийм аяганд будаа хийгээд, дээр нь юу ч хамаагүй мах, ногоо, загас за тэгээд идмээр байгаа юмаа шараад, хайраад, хуураад дээр нь тавиад л болоо. Бидний хамгийн сайн мэдэх нь үхрийн махаар хийсэн "Гюүдон". Хямдхан, түргэн хийгддэг, тэгээл махсаг болохоор оюутан монголчууд нэлээн дуртай байдаг.
Япон хүмүүсийн нэлээн дуртай нэг "донбүри" бол "Оякодон"(эх үр). Би ч үнэндээ ганц хоёр л удаа хийж үзсэн байх.
товчхон жор нь:
* тахианы мах,
* өндөг,
* бөөрөнхий сонгино,
* ногоон сонгино бага зэрэг,
* агшаасан будаа гэх мэт.

Товчхон хэлэхэд дээр өгүүлснээр будаанаас бусадыг нь өөрийн тааллаараа амтлаад л будаан дээрээ тавина. Дарааллын хувьд бол тахианы мах, сонгиноо хамтад нь бага зэрэг хуураад, амтлагч шөл (японд бол дашижирү)хийнэ. Тэгээд дээр нь өндөгөө хагалаад хийгээд, өндөгөө бага зэрэг хатуурахаар нь галаа унтраана. Өндөг нь бага зэрэг түүхий хэсэг байхдаа гоё амттай гэдэг.
За тэгээд аягандаа будаагаа хийгээд л, дээр нь сая хуурсан мах, сонгино, өндөгөө хийгээд, дээр нь бага зэрэг хэрчсэн ногоон сонгино тавивал, идэхэд бэлэн.

Анх Оякодонбүриг идэж байсан нь дөнгөж анх Японд ирсэний дараахан байсан байх. Тэр үед япон хэл сайн мэдэхгүй байсан учраас хооолны нэр усыг хамаарахгүй л амттай харагдсаныгаа идэж явсан үе байх.

Японоор "Ояко" гэдэг нь "Эх үр" гэсэн утгатай юм. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр энэ хоолыг хийх гол материал нь "эх үр" болох тахианы мах, өндөг 2-ыг хоёуланг нь хийсэн байгаа болхоор ийн нэрлэсэн гэх.
Нэрийг нь сонсохоор нэг л эвгүй санагдаж байна уу танд?
Хэрвээ тийм бол та надтай адилхан бодолтой болох байх. Аяган дотор "эх үр" 2-ыг хамтад нь хийчээд иднэ гэж бодохоор миний хувьд лав хоолойгоор давахгүй байх байх. Нэрнийх нь тухай мэдсэнээс хойш идье гэж бодоогүй л явна. Сонин шүү. Урьд нь дуртай иддэг байсан атлаа.

Apr 18, 2006

Lessons from Geese


Өнөөдөр нэг сэтгүүлийн ийм гарчигтай тасархай олж уншлаа.

The next time you hear the old expression, "Well, if he had the sense God gave a goose..." bear in mind the wisdom of these words.

1. As each goose flaps its wings it creates an "uplift" for the birds that follow. By flying in a "V" formation, the whole flock adds 71% greater flying range than if each bird flew alone.

LESSON: People who share a common direction and sense of community can get where they are going quicker and easier because they are traveling on the thrust of one another.

2. When a goose falls out of formation, it suddenly feels the drag and resistance of flying alone. It quickly moves back into formation to take advantage of the lifting power of the bird immediately in front of it.

LESSON: If we have as much sense as a goose we stay in formation with those headed where we want to go. We are willing to accept their help and give our help to others.

3. When the lead goose tires, it rotates back into the formation and another goose flies to the point position.

LESSON: It pays to take turns doing the hard tasks and sharing leadership. As with geese, people are interdependent on each other's skills, capabilities and unique arrangement of gifts, talents or resources.

4. The geese flying in formation honk to encourage those up front to keep up their speed.

LESSON: We need to make sure our honking is encouraging. In groups where there is encouragement, the production is much greater. The power of encouragement (to stand by one's heart or core values and encourage the heart and core of others) is the quality of honking we seek.

5. When a goose gets sick, wounded or shot down, two geese drop out of formation and follow it down to help and protect it. They stay with it until it dies or is able to fly again. Then, they launch out with another formation or catch up with the flock.

LESSON: If we have as much sense as geese, we will stand by each other in difficult times as well as when we are strong.

Сэтгэл хөдлөмөөр байгаа биз. Бас гайхмаар...
Найз нөхдөө хүндэтгэх, хайрлах тал дээрээ монгол хүн бид галуунаас ч дутахгүй хэдий ч, хамтран ажиллах тал дээр дутмаг талууд их байдаг гэгддэг тул та бидэнд галуунаас сурах юм их болтой.

Let's have the goose sense.

Apr 13, 2006

Тамхи таны таван насыг хорооно, татаагүй таны ч бас

Их сургуульд орсон чинь амралт нь хэт уртдаад, өнөөдөр сургууль орсон чинь бараг л шинэ оюутнууд шиг сургуулиынхаа байрнуудын дунд төөрөхөө шахав. Ноднин ороод л шинэков оюутан байсан чинь энэ жил төгсөх оюутан болчихлоо. Ер нь л Японд ирснээс хойш, мэргэжилийн сургууль бас 2 жилийн хугацаатай байсан болхоор эхний жилдээ шинэхэи оюутан учраа олохгүй гүйж байгаад арай гэж 1-р курсээ төгсөнгүүтээ төгсөх курсын том ажаа болчихсон байсан. хэхэ

Хаврын амралт бараг 2 сар байсан болхоор хагас бүтэн сайнд өглөө нь ажилдаа яваад л хааяа найз нартайгаа уулзалдаад, гэхдээ ихэнхийг нь гэртээ кино үзэж, ТВ харж өнгөрөөсөн. Хэсэг бас ханиадтай гэрийн хорионл байсан юм байна.


Өнөөдөр сургууль орсон чинь бүр ойрд тамхины үнэр үнэртэйгүйгээрээ үнэртэж, бараг л хувцасанд шингэх шахлаа. Манай сургуулийн байр болгон үүдэндээ тамхины үнсний сав тавиастай байдаг учраас 2 байрны дундуур явангуут тэгээд цагаан манан дундуур л хэсэгтээ явах болдог. Япончууд ер нь харахад тамхи татдаг залуу хүмүүс ихтэй. Стресс ихтэй энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн стрессээ тайлах нэг хэлбэр нь тамхи татах, өөр тэгээд "Күүл" харагддаг гээд л татах охид хөвгүүд байдаг болтой юм.
Монголд ч бас л ижил байх. Өнгөрсөн жил 2 жил хариагүй байж байгаад монгол харихад хаа сайгүй тамхи татсан охидууд харагдаж байсан. Хөвгүүдээс илүү охид нь тамхинд орж байгаа болтой. Тамхи татагчдын хувиараа манай улс нэлээн дээгүүр байранд, ХЯтад Японоос өчнөөн урдуур байранд явдаг гэж сонссон юм байна.

Сүүлийн жилүүдэд олон төрлийн судалгаа хийгдэн, та ч бас сонссон л байх, тамхи татаж байгаа хүн мэдээж , мөн тамхи татаагүй мөртлөө, ойр орчинд нь тамхи татсан хэн нэгний уушиг руу ороод гарч ирж байгаа утаагаар амьсгалж байгаа таны ч бас бие эрхтэн дутахааргүй хордож байдаг гэж. Яг л тамхи татдаг хүмүүстэй адилаар уушигны хавдар, тархины хавдар, амьсгалын замын эрхтний өвчлөлүүд гээд л. Өөрөөр хэлбэл тамхи татаж байгаа та, зөвхөн өөрийгөө биш дэргэдээ суугаа амраг хайрт, аав ээж, ах дүү, найз нөхдөө хүртэл үхлийн зам руу залаад байгаа гэдгээ мэддэг үү. Тамын тогооны үлгэрийг бид ярих дуртай. Ярингаа бас инээх дуртай. Үнэндээ инээх яриа биш шүү дээ. Та тамхи татсаар уушигны хавдраар үхэхдээ, хатуугаар хэлэхэд хамт амьдарч байгаа бүх хүнээ хамт "авсанд" аваад орж болно гэж үү!

Өнөөг хүртэл тамхичид "би өөрөө дуртай юмаа татаад, өөрийгөө л хордуулж байгаа биз,чамд хамаагүй" гэдэг байсан. Үгүй наана чинь хамаатайгаар барахгүй хажууд суугаад тамхи татаад байгаа та, та намайг бас дэргэдээ байгаа бусдыгаа, бултаар нь алах гээд үзээд байгаатай адил болоод байна.

Өнгөрсөн жил Австрали руу аялалаар явж байхад Австралийн ресторан, түргэн хоолны газар, нийтийн үйлчилгээний газруудад дотор тамхи татахыг хориглон, гадаа сандал ширээ тавин, тамхи татагчид гадаа, тамхинд дургуйчүүд дотор гэж 2 хуваагдсан байсан. Ер нь АНУ, Канад, Тайланд гээд л Япон улсад ч мөн тамхины хор уршигтайг сурталчлан, тамхигүй орчныг дэмжсэн хуулиудыг гаргаж мөрдөж, тамхины үнийг мөн өсгөх гэх мэт бодлогыг мөрдөж эхлээд байхад манай Монголын залуучууд л ар араасаа уралдан тамхинд орцгоон, тамхи татдаг нэгнээ, ялангуяа охидоо "күүл" гэж дуудалцан байна.

Тамхийг бүр "асар" үзэн яддаг миний эргэн тойронд ч бараг л 10н найзын маань 8 нь тамхи татдаг гээд боддоо. Би тэмцээд дийлэхгүй юм билээ. Багаасаа тамхигүй орчинд өссөн болхоор би тамхинд дургүй ч гэсэн, хамт нэг гэрт өссөн ах маань хүртэл тамхи татдаг болчихсон байсан.

Тамхи таны таван насыг хорооно, татаагүй таны ч бас...

Mar 28, 2006


19р зууны сүүлээр Америкийн Massachusett мужид анх үүссэн гэгдэх сагсан бөмбөгийн спорт нь азийн бусад оронтой харьцуулахад манай монгол залуусын хамгийн дуртай спортуудын толгойг цохидог болов уу. Дэлхийн хэмжээнд ч сагсан бөмбөгийн хорхойтнуудын тоо хөл бөмбөг, бэйсболын дараагаар бичигдэх биз ээ. Ойролцоогоор 45 сая орчим сагсан бөмбөгийн хорхойтон байдаг гэх.
Би ч бас арван жилд байхдаа Бүргэд ТВ-ээр NBA playoff үзээд л, тоглолтыг нь амьдаар нь үзэх юм сан гэж мөрөөдөөд л, амралтын өдрөөрөө найз нартайгаа явж заал авдаг, хааяа Хоршоолол орж заал сахидаг охин байлаа. Учиргүй тоглохоосоо илүү найз нартайгаа хамт хөгжилдөн хамтдаа байх нь сайхан байдаг байсан санагдана. Одоо ч бас тийм л дээ. Гэхдээ мэдээж тоглох дуртай.

Ер нь монгол залуусын дунд "заал авах" гэдэг нь хамт олон найз нөхдөөрөө цагийн зөв болоьсон өнгөрөөх аргуудын нэг том төлөөлөл гэхэд болох байх аа. Өөөр биллиард тоглох, эрэгтэй хүүхдүүд бол PC game тоглох ч байдаг юм уу, тэгээд л "7н ахын төрсөн өдрүүд" орох байх. Ер нь, ялангуяа охидын хувьд найз нартайгаа уулзаад чөлөөт цагаа өнгөрөөх газар бага санагддаг. Одоо ямар болсоныг сайн мэдэхгүй ч, Японд ирэхээсээ өмнө би лав найз нартайгаа нэгнийдээ цугларч хоол хийх, орой бол pub-д суух, тэр үед арай илүү дэлгэрч байсан нь найз охидуудаараа нийлж саун-д орох гэх мэт л байсан байх.


Эргээд сагсны ярианд ороход, энэ жилийн Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8, 9р сард Японы Саппоро, Сэндай, Хамамацү, Хирошима хотод зохиогдон, финалын тэмцээн нь Сайтамад болно гэнэ. Энэ удаад 24н орны баг тамрчид оролцоно гэнэ. Сагсан бөмбөг гэхээр Америкаас өөр хүчтэй багийг сайн мэдэхгүй болохоор Америкийн аваргуудыг чадвал хамгийн урд суудлаас үзчих юмсан гээд одооноос догдолж эхлээд байна хэхэ.
Билетийн үнэ нь 4,000-9,000йен, харин финалын тоглолт нь өдөр болон суудлаасаа хамаараад 5,000-20,000йен гэнэ. Хамт явж үзэх хүн байвал хэлээрэй хэхэ. Японд 2002 онд зохиогдож байсан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний билет нь бүр 300 доллар байсан гэж сонсож байсан. Тэрийг бодвол ч энэ удаагийн сагсныы тэмцээний үнэ нь оюутан хүн үзэж болмоор үнэ санагдаж байна.
Өмнөх удаагийн тэмцээнд ердөө 16н л баг оролцож байсан нь энэ удаад 24 болж сагсан бөмбөгийн спортын цар хүрээ улам л өргөжиж байгаа гэнэ.
Ер нь манай монголд хэдий үеээс хөгжиж эхэлсэн юм болоо. Оросоос л орж ирсэн байх тийм үү.
Одоогийх шигээ өргөн дэлгэр болсон нь 90 он гарснаас хойш байх. Бөмбөг, тэгээд нэг цагираг байхад л ер нь тоглочихдог спорт болохоор гудамжны сагсаар дамжуулаад бүгд сагс тоглодог болсон байх. Сургуулиудад ч бас соц нийгмийн үед болхоор хөнгөн атлетик гэх мэт хиёээлүүд байсан бол ямар ч байсан миний үед бол хөнгөн атлетик нэлээн цөөхөн ороод, багш ааш сайтай байвал ихэнхидээ чөлөөт тоглолт, ааш муу өдөр нь галуун цуваа хийдэг байсан санагдана. Тэрнээс гадна бас, бусад спортын тамирчид бэлтгэлийн өмнөх халаалт хийхдээ сагс тоглоод л халаалт хийчихдэг байсан гэж сонсож байсан юм байна. Бөхчүүд ч мөн адил. Тиймээс ч манай сумочид бас л сагсанд дуртай байдаг байх.
Японд ирээд олон орнуудын оюутнуудыг хараад байхад багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж байсан л биш бол барагтай сагс тоглоод хорхойсоод гүйгээд байдагүй. Харин манай монголчууд бол хэн ч байсан ороод л тоглодог, хэн ч байсан дүрмийг мэддэг. Нэг энэтхэг найз маань бүр гайхаж байсан. Монголчуудыг чинь бөх барилддаг л гэж бодож байсан чинь гэж байсан.
Манай байранд байдаг байсан бүх эрэгтэй монгол оюутнууд сагсны улаан хоббитой, тэгээд ч монголчууд нэг баг болоод үзвэл ер нь бусад орнуудын холимог шилмэл багуудыг дараалан хожиж бишрүүлдэг байсан болоод ч тэгсэн болов уу. Тэгээд ч энд Японд манай монгол оюутнууд шиг жил бүр, тэгээд бүр 2 газар сагсны тэмцээн зохиодог газар цөөхөн биз.