"Cocktail room"-д тавтай морилно уу!
Ямар ч сэдвээр, юуны ч тухай бичиж магад. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л. Тиймээс ч "Cocktail room" гэж нэрлэлээ. Өнгө өнгийн, өөр амттай коктэйлээр таныг дайлахыг хичээнэ.
Каунтерын ард суух таныг коктэйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахыг хүсье!
Гурван төөгийн keyboard барьж Андуу ташаа бичих минь Гутал оймсыг элтэл явж Нэр ашиг хөөхөөс дээр ________________________ Уншиж мэдэхэд блог сайхан Уулзаж ярихад найз сайхан ________________________ Замын цэцэгээр богцоо дүүргээд Залуу насны босгыг алхав Алдаж болно залуу нас Андуурч болно алаг нүд Р.Чойном ________________________ Амьдралыг ажлаар Амжилтыг чармайлтаар ________________________ Алдаагаа бүү уучил Амжилтаа бүү сайрх ________________________ Доголон морь тоос ихтэй Доод хүн үг ихтэй ________________________ Гэнэт цадах гэдсэнд цөвтэй Гэнэт баяжих насанд цөвтэй ________________________ Ноход яс булаацалддаг Ноёд хахууль булаацалддаг ________________________ Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд. /14-р Далай багш/ ________________________ Сайн хүн гуйхаар хийдэг, ухаантай хүн гуйхаас өмнө хийдэг. /А.Брейтер/ ________________________ "Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадвал хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ " Инжинаш ________________________ Хүнийг аргаар Хүлгийг уургаар ________________________ Даага унавал шийрийг нь хар Даавуу авбал захыг нь хар

Jun 4, 2009

Аз жаргалыг амталсан нэгэн өдөр


Наран улсын томоохон гадаад худалдааны хот болж өргөжсөн Ёкохама боомт нээгдсэний 150-н жилийн ойн өдөр бичигч миний бие нэгэн насыг нэмлээ.

Монголд бага байхад 6-н сар болохыг хамгийн их тэсэн ядан хүлээдэг өдөр байснаа эргэн санагалзан сууна. Хүүхдийн баяраар эхэлж аав, ээжийн ажлын газраас бөөн чихэр жаклаад авна. Цэцэрлэгээс бас авна. Мэдээж ах дүү нар бүгд л авдаг байсан л даа. Гэхдээ маргааш нь дахиад төрсөн өдөр гээд ганцаараа бэлэг нэмж авна. Бүгд чихэр жаклаадаа дуусгачихсан хойно бахтай нь аргагүй бэлэг нь үлддэг байж билээ.

Төрүүлж өсгөсөн ээж аавдаа, бужигналдан өссөн ах дүү нартаа, алс нутагт жаргал зовлонгоо хуваалцан, энэ өдрийг ч бас хамтдаа өнгөрөөсөн анд найз нартаа, төрсөн өдрийн мэнд хүргэж утасдсан, мэйлдсэн, мэссэнжэрдсэн бүх найз нартай маш маш, мааааааааш их баярлалаа, үргэлж баярлаж явдаг шүү.

Бас хайртай гэж жигтэйхэн.

Нэгэн насыг нэмэн зооглосондоо бус, та бүхэн маань надтай хамт байгаад маш их баярласан, бахархсан өдөр болсонд сэтгэл хөдлөөд, хөөрөөд бичин сууна.

Та нартайгаа үргэлж хамтдаа Т.

Feb 26, 2009

Сар шинийн мэнд


Анд найз нар, гэрийнхэндээ XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн оройтсон мэндийг дэвшүүлье.




Сар шинэ дөхөхөөр зурхайч нар минь маргалдаж зөрөлдөөд, энэ жил 2 дахин шинэлсэн хүмүүс ч олонтаа байсан гэх.

АРлын оронд ирээд мөрөө гаргаж үзээгүй би энэ жил ч бас 4 н зүгийн баримжаагүйгээс зүгээ гаргасангүй. Ижил жилтэй ээжтэй минь хамт эх нутагт минь зүг минь гаргагдсан байх гэж "залхууралтайгаар" найдаад өнгөрөөчихсөн.
Багадаа мөр гаргахдаа ээжтэйгээ хамтдаа гоё байдаг байсан. Ганцаараа бол ичээд явахгүй байх байсан байх. Охин нь удахгүй хамтдаа мөрөө гарганаа ээжээ.
Шинийн нэгэнд шинэ оноо хэрхэн эхэлснээрээ тэр жил шийдэгддэг гэдэг дээ.
Миний хувьд бол шөнөжин ажиллаж, сурган хийж өнгөрөв. Өдөр харьж ирээд нойр ч хүрсэнгүй, угсруулаад хоёр кино үзчихээд сууж байна.
Гарч буй Шороон Үхэр жилдээ өдөртөө 3н цаг унтаж, үргэлжлүүлэн кино үзэж,
үр бүтээлтэй л байх бололтой.
Ирэх ондоо итгэл сэтгэл, инээд баясал, аз жаргал,
амжилт бүтээлээр дүүрэн он байх болтугай.
Байлгацгаая андуудаа.

Feb 19, 2009

Эрээвэр хураавар

Хүн бид бүтэлгүй явдал, муу юм тохиолдоход бусдаас бурууг хайн төөрөлдөнө.

Монгол ард түмэн бид бол, өөрсдийн хувь заяаны шийдэл, бурханы шийтгэл, өвөг дээдсийн үйлийн үр, байгалийн хилэгнэл гээд л сэтгэлээ зөөлрүүлж, заслаа хийлгэж тайвшралыг олно. Тодорхой хэн нэгэнд буруу өгч, дайрч давшлалгүй, хүлээнгүй хүлцэнгүй уужим хандлагатай ард түмэн юм.

Япончуудыг хараад байхнээ, тэд өөрийн гэсэн тодорхой шүтэх бурхан, сүсэглэх шашин үгүй нь олон, аливаад нийгэм, түүний тогтолцоо, улс төрчидөд буруу өгч, аав ээж, гэр бүлийнхэн, багш гээд хамааруулж болох бүгдэд өөрийн байгаа байдал, амьдралын бүтэлгүйг тохон буруутгах хандлагатай.

Фото архиваас

今年のサラリーマン川柳の中から…
”円高
    感じたいが 
           円がない…”
Зураг 1:
Өнгөрсөн жилийн 8н сарын валютын ханш.
1 доллар=110 иен орчим байсан байна. Зургийн аппаратан дахь зургаа цэгцэлж байтал гарч ирсийм. Яагаад ч юм буулгаад авчихсан байна.
Энэ зургийг авснаас хойш ганцхан сарын дараа "Lehman Brothers"-ын дампууралаас улбаалсан хямрал үргэлжилж 12 сар гэхэд (зураг2) 1 доллар 87иен хүрсэн.

Харин монгол нутагт маань эсрэгээр нь 1 доллар 1500 хүртэл суга өссөн гэсэн. Яагаад гэдэг нарийн ширийнийг мэдэхгүй ч, дойлуур гэгч ногоон хүүгийн дутагдалд нэмэр болж хямдхан байгаа "аралын орноос" хэдэн "ногоон хүү" явуулж багахан ч гэсэн хөөрөгдлийг дарахад хувь нэмэр оруулалцсан бол... гэж худлаа мөрөөдөнгөө шивнэнэ. Өнөөдрөөс эргээд өсч эхлэж байна. 93 хүрчихсэн явна билээ.

”円高  
    感じたかったが 
            円がなかった…” ガックッ! 
                      

Feb 16, 2009

Мементо

Интернеттэй болж блогоо эргэн харав. Өмнө нь бичиж байгаад дундаас нь орхисон бичлэгийг энэ компьютер хадгалаад авчихсан байдым байна гэж, гээд гүйцээгээд ганц хоёр бичлэг нэмлээ.

Саяхан үзсэн нэг кино, Шикокү-гийн нэг анд маань яриад өг гэж байсан тул товчхон танилцуулья.

Мементо, гэж "бүү март" гэсэн латин үг.(гэнэлээ)
Үйл явдлын өрнөлийг хойноос нь бага багаар үзүүлсэн өвөрмөц хийлттэй кино. Гэмт хэрэгтэй кинонд хэн нь жинхэнэ гэмт хэрэгтэн юм бол гэж араас нь хөөж бодонгоо үздэг бол энэ кино нь өрнөлийг араас нь бага багаар үзүүлснээрээ үзэгчийн таамаглал, дундаа баруун бас зүүн тийш холбирч ч магад. Юу ч гэсэн үзээд үз.


Гол дүрийн залуу Leonard нь 10хан минутын л үйл явдлыг тогтоож чадна. Түүнээс удах юм бол бүгдийг мартчихдаг, нэгэн хэрэг явдалтай учирснаас хойших. 10 минутын дараах өөрөө өөртөө "мэмо" үлдээж, хэргийн буруутныг олох болно. Хэнд итгэж хэнээс сэрэмжлэх вэ, бичсэн мэмо нь яг өөрөө бичсэн үү, итгэж болох уу. Мэмо-ндоо итгэлтэй байхын тулд 10 минутын дараах өөртөө мэмо илгээх түүний сонгосон арга, санаанд багтамгүй арга байдаг.
Магадгүй нэг үзчихээд дахиад нэг үзэхэд ч уйдахгүй киноны нэг болов уу.

Үүнээс илүүг бичвэл сонирхолгүй болчих байх гээд товчхон. "Мянга яриулахаар нэг үз"

Dec 22, 2008

Шивасү


Японд 12 сарыг "Шивасү"(師走) гэх бөгөөд "Багштан гүйх" гэж бичиж, сүм хийдийн лам багштан дээр үед айл бүрийн гэрээр орж, завгүй гүйдэг байснаас ийн нэрлэх болсон гэдэг. Эдүгээ, оны төгсгөл, шинэ жил, бас бус гээд яаж ийж байгаад завгүй болчихдог 12 сар. Миний хувьд ч бас, төлөвлөсөн олон юмандаа баригдаж, ажил бас хажуугаар нь найз нартайгаа хамтарч зохион байгуулах гэж байгаа шинэ жилийн бэлтгэл гээд, "шивасү"-дсээр...үр дүн өчигдөр ажил дээрээсээ гэр рүүгээ биш цагаан халаадтай аниа нарын халамжинд оронгоо шахдаг юм байна. Аятайхан нүдний шилтэй, сайхан инээмсэглэсэн эмч агаа "айхтар хүнд биш байна харьж болно" гэсэн тул өглөө хариад ирчихсэн ингээд сууж байна.




Дурсамж,
Гэрээсээ гараад сураггүй, утсаа авахгүй байсан түүний утас арай гэж холбогдоход, "ххх-д байдаг эмнэлэгт байна" гэсэн хариу байлаа. Газар мэдэхгүй би хайн хайн очиход, эмнэлгийн орон дээр юу ч болоогүйм шиг инээгээд тэр хэвтэж байсан. Өмнөх орой нь санаа зовоод унтаж чадахгүй нойргүй хонон, арай гэж өглөө нь хайж харайж очсон гэж.

Гайхширал,
Сэтгэл... чи ийм сонин шт, хэдхэн жилд ингээд юу ч мэдрэхгүй, юу ч бодохгүй, цэвдэг болчихдог гэж.

Цагийн урсгал сэтгэлийг нимгэлэн, шингэрүүлж бүр байхгүй, ор үгүй болгож, тэнд үлдэх нь сайнтай муутай дурсамж л байх.

...гээд арал дээр ирээд 2 дахь удаа эмнэлэгийн бараа харсан нь өчигдөр байлаа.

23наас, олон жилийн өмнөөс явахыг хүсч, хэдэн сарын өмнөөс төлөвлөж байсан Хоккайдо аялалдаа марш-лана. Бие тиймэрхүү ч, өнөө маргаашдаа хичээгээд, Боорцог дүүтэйгээ хөгжилтэй аялал хийгээд ирнээ. Гэснээс, энд аялалын булан нээе гэж бодож байгаа. Компьютер-аа эмчлэхээрээ зураг хиймз.

Dec 8, 2008

Агаагаас татсан үг

Тэмдэглээд авмаар санагдсым.
"Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол
авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд
хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй"
Vimo-чинь Гамбирийн тэмдэглэлээс...

Dec 7, 2008

Айдас би итгэл

"Fear can hold you prisoner. Hope can set you free. "

The Shawshank Redemption (1994) киноноос.



Өнөөдөр ярилцсан Бурмаа эгчдээ зориулав.

Dec 1, 2008

Ойлголт

Нэг хэсэг зүйлийг та одоо ойлгоно.
Нэг хэсэг зүйлийг та хожим ойлгоно.
Нэг хэсэг зүйлийг та хэзээ ч ойлгохгүй.
Яагаад гэвэл, тэр зүйлийг хэзээ ч, хэн ч ойлгодоггүй юм.
Нэг хэсэг зүйлийг та ойлгох хэрэггүйг ойлгоно.
Нэг хэсэг зүйлийг та ойлгосондоо хожим харамсана.
Яагаад гэвэл, юмс үзэгдлийг ойлгоно гэдэг
ямар ч утгагүй зүйл болохыг
та ойлгож эхэлж буй нь тэр...

Nov 4, 2008

Хонх дамар хоёр

Нэг мэдээ үзэж суугаад бичиж сууна.
Үйлчилгээний байгууллага, жишээ нь өөрт хамгийн ойрхоноор зочид буудлын хувьд.
Зочид буудалд янзан бүрийн зорилгоор, янзан бүрийн үйлчилгээгээр үйлчлүүлэхээр зочид ирж байгаа. Магадгүй буудаллахаар, хоол идэхээр, зүгээр л нэг аяга цай уухаар, магадгүй хэн нэгэнтэй уулзахаар, эсвэл хүлээн авалт, хурим, магадгүй хурал цуглаанд оролцохоор, эсвэл бүр ойрхон явж байгаад бие засах өрөө хэрэглэхээр орж ирсэн ч байж магад юм.
Тэгвэл энд байх тохилог өрөө, тухтай орчин, сайхан амарч чадахуйц ор, дэр, тохилог лобби, лаунж, хүлээлгийн танхим, хүлээн авалтын өрөө гээд л... энэ бүгдийг үйлчилгээний HARD хүчин зүйлс гэж нэрлэдэг*.
Харин үүдэнд халуун дотноор угтах инээмсэглэл, таныг дотогш урин оруулж, таныг яахсан бол? гэж асуун хурдан шуурхайгар хүсэлтийг тань гүйцэлдүүлэн, магадгүй таны байгаа байдал, үйл хөдлөл, үг хэлээр тань таныг уншиж, сэтгэл хангалуун байлгах үйлчилгээ үзүүлж байгаа ажилчдын, hotelier-н үйлчилгээ байна.
Эдгээрийг үйлчилгээний SOFT хүчин зүйл гэнэ*.
*/монголд хэвшсэн хэллэг биш л дээ/

Хэдий сайхан барилга байгууламж, тохилог тохижсон тансаг өрөө байгаад, сэтгэлд хүрсэн үйлчилгээ, эелдэг харьцаа байхгүй бол тэр нь үйлчилгээ болж бүрдэж чадахгүй, эсрэгээр нь хичнээн сайхан харьцаатай байгаад бохир өрөө, үрчийсэн даавуутай, элэгдсэн бүтээлэгтэй ор, хуучирсан байр савтай байвал ажилчдын хичээл зүтгэл талаар болж зочид буудлын үйлчилгээ болж чадахгүй. Магадгүй зочдод бол эелдэг харьцаатай ажилчидтай шүү, даанч...гээд л өнгөрч, зочинд сэтгэл ханамжийг үүсгэж чадахгүй...

Нөгөө хонх нь байгаад дамар нь дуугарахгүй бол?...гэдгэрхүү...
гээд учиргүй би мэргэжлийн юм ярих гэсийм биш л дээ. Нэг бодлоо бичих гээд өөрт ойрхон нэг жишээ татаж чангаагаад биччихлээ.

Японд байж гэртээ монгол ТВ үздэг болсон гэж байгаа(онгирчихож болох боломж байвал алдахгүй). Гээд, мэдээ үзээд сууж байлаа. Арга байхгүй, Японы бүх сувгаар нэг бол нэг луйварчин ая зохиогч, нэг бол "АНУ хар ерөнхийлөгчтэй болох уу?" гэсэн 2 л сэдэв гараад байна. Обама сонгогдчуул таарна, сонирхолтой шт.. гээд хол хальтрах яахав.
Монгол мэдээ үзэж суулаа.
- Өвлийн хүйтэн улирал ирж, ихэнхи нутгаар хасах хэмтэй болоод эхэлчихэж, гудмаар яваа хүмүүсийн амнаас уур савсаад л, айхтар хүйтэн харагдана билээ.
Автобусны буудал дээр автобус хүмүүс, ирсэн автобус нь нэг бол дутуу зогсож, нэг бол хэтэрч зогсоод л, хуйлран гүйлдэх оюутан сурагчид, тэтгэврийн хөгшид. Бахартлаа гүйж арай гэж зүүгдэж суугаад л, жаахан чихсээр чихсээр өөрөө ороод л, цүнх ард хавчигдаад л явдаг байсан үе санаанд орно.
Сайхан мэдээ, Солонгосоос энэ жил тун удахгүй 400-н автобусны тусламж орж ирж, дээрхи үзэгдлийг арилгана гэж ЗЦГ-н нэгэн ажилтан ТВ-ээр ярьж байна. Өглөө хөл нь гуталтайгаа хөлдчилгүйхэн шиг, бахардаж үхтлээ нааш цааш гүйхгүйхэн шиг болох нь.
Гэвч баярлах болоогүй.
Муу мэдээ, ЗЦГ-аас нийтийн тээврийн автобусны 3-н компанийн 55-н жолоочид "жолооны дүрэм"-ийн шалгалт авахад ердөө л 4-н жолооч тэнцсэн гэнэ.
Зайгүй чихцэлдсэн манай зам дээр их оврын автобуснууд хүртэл хоорондоо хавчих, чихэх, гүйцэж түрүүлэх гээд автобус хоорондын осол, зөрчил ихсээд байгаа нь өнөөгийн байдал гэх. Ардаа 50-100 хүний амь тээвэрлэж явж байж болгоомжтой, соёлтой, хариуцлагатай жолоодлого хийлгүй, осол гаргах автобусны жолооч нар олон гэх.

Дээр өгүүлсэн 400 автобусны тусламж орж ирснээр автобус хүлээх, багталцахгүй байх гэсэн асуудлуудыг шийдвэрлэх болов уу хэдий ч, жолооч нарынхаа ядаж дүрмийн мэдлэг, жолооны чадвар, тэгээд жолооны соёлыг дээшлүүлэх, тээж яваа олон хүний амийг авч яваа гэсэн "хариуцлага" -ыг ухааруулах сургалт явуулалгүйгээр тавиад туучихвал 400 автобус ирлээ, ура ура гээд, дүрэмээ мэдэхгүй, жолооны соёлгүй хэдэн жолооч нар цоо шинэ "тэрэг"-тэй боллоо гэж хөөрөөд, хотын гудмаар уралдан давхиад хэдхэн жилийн дотор ямбийлгаад тавичих биз.
Будаг нь ханхалсан 400 сайхан шинэ "тэрэг" ирлээ гээд жолооч нар нь бэлэн биш, хувийн таксины жолооч нар шиг муухай аашилж, хоорондоо уралдан давхисаар байвал "нийтийн тээврийн үйлчилгээ" болж чадахгүй нь.
Хонх нь дугарахаар дамар нь байхгүй?
Дамар нь байхаар хонх нь дуугарахгүй? за аль ч байсан яахав...

Nov 2, 2008

Энэ оны "ханз"


1995 оноос Японы "Ханз бичгийн түвшин тогтоор шалгалт"-ын холбооноос тухайн жилийг илэрхийлсэн "ханз"-ыг олон нийтийн санал асуулгаар жил бүрийн 12 сарын 12-нд Киото хотын Киёомизү сүмд зарладаг болсон гэдэг. 2007 оныг хүртэлхи "Оны ханз-уудыг харахад тухайн жилд олныг шуугиулж, анхааралд нь байсан нийгмийн амьдрал дахь үйл явдалуудаас их тусгалаа авсан байдаг.
1995 он: 震-(шин, фүрүэрү) чичрэх, доргих.
1995 онд Хёого аймагт Аважи-гийн их газар хөдлөлт болж 6000 гаран хүн амь насаа алдан ард түмэнд гашуун дурсамжийг үлдээсэн.
1996 он: 食- (шокү, тaбэрү) идэх, хүнс.
Энэ онд олноороо хоолны хордлогод өртсөн хэрэг гарч, ниитийн хоолны газрууд болон ард түмний хүнс, хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэлийг алдруулсан.
1997 он: 倒 (тоо, таорэрү) унах, ойчих, унагах.
Энэ онд Японы томоохон корпораци, компаниуд болон банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагааны дампууралд орсон жил.
1998 он: 毒(докү) хор.
Энэ онд Вакаяма аймагт анх гарсан хортой curry-ны хэргээс хойш дараа дараалан гарсан хоолонд хорт бодис хольсон хэргүүд гарч, ард түмний сэтгэлийг зовоож байсан жил.
1999 он: 末 (мацү, сүэ) төгсгөл, сүүлийн.
1999 он нь Мянганы сүүлийн жил, 20-р зууны сүүлийн жил, 90-ээд оны мөн сүүлийн жил гэсэн утгаар энэ ханз сонгогдсон гэдэг.
2000 он: 金 (кин, канэ) алт, мөнгө(money).
2000 оны Сидней Олимпоос Жүдо бөх болон Марафон зэрэг олон төрөлд Японы тамирчид алтан медаль хүртсэн жил байсан.
2001 он: 戦 (сэн, татакаү) байлдах, тулалдах, дайн.
911-ын террорист халдлага болсон жил.
2002 он: 帰 (ки, каэрү) харих, буцах.
Хойд Солонгос улс болон Японы төрийн тэргүүдийн уулзалтаар 70-аад онд Японоос хулгайлагдан Хойд Солонгост амьдарч байсан Япон хүмүүс нутагтаа эргэж ирсэн жил.
2003 он: 虎 (ко, тора) бар
Hanshin Tigers Японы Бэйсболын Үндэсний Лигийн аваргыг 18 жилийн дараа авсан жил. Харийн спорт Бэйсболыг үндэсний спортоосоо илүү хайрладаг Самурай нарт аргагүй оны том үйл явдал байсан болтой.
2004 он: 災 (сай, вазавай) гай гамшиг.
Нийгата аймагт том хэмжээний газар хөдлөлт болж бөөн далайн хар салхинд томоохон хохирол амссан жил байсан.
2005 он: 愛 (ай, итоший) хайр, дотно.
Айчи аймагт (愛知県)-т Олон улсын EXPO-2005 үзэсгэлэн худалдаа болж, Ширээний теннисний тамирчин Ай(愛) Фүкүхара амжилтаараа олны хайрыг хүлээж, мөн эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ хөнөөсөн аймшигт "хайр" өгүүлэгдсэн гэмт хэргүүд ихээр гарсан жил байсан.
2006он: 命 (мэй, иночи) амь, амь нас, амьдрал
Хааны гэр бүл болон ард түмэн олон жил хүсэн хүлээсэн Хаан ширээг залгамжлах Хисахито хүү мэндэлсэн жил. Бага ангийн хүүхдүүд амийг хөнөөсөн хэргүүд ихээр гарч олныг цочирдуулж ард түмэнд амь, амьдралын тухай нэгийг бодогдуулсан жил байсан болуу.
2007он: 偽 (ги, нисэ, ицүварү) хуурамч, худал, хуурах.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хугацаа нь дууссан атал хуурамчаар үйлдэн худалдаж байсан хэрэг дараалан гарч, Яамдын авилгалын хэргүүд, мөн ТВ-ын нэвтрүүлэгийн агуулгыг хуурамчаар үйлдэж байсан нь илрэн, "хуурамч" гэдэг ханзыг оны ханз болгоход хүргэсэн жил байсан.

Энэ жил 2008 оны хувьд ямар ханзыг олон түмэн оны ханзаар сонгох бол?
2008 он Хятад үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээс агуулагдаж байх стандарт хэмжээнээс хэтэрсэн химийн бодисууд удаа дараалан ялгарч, улмаар Япон үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээс хүртэл химийн бодис ялгарч, хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл алдагдаж санааг нь зовоосоор байгаа.
Мөн дэлхий дахиныг хамарсан Санхүүгийн их хямрал ард түмний өдөр тутмын амьдралд чимээгүйхэн цохилт үзүүлсээр, санааг нь зовоосоор...байгаа тул 不安(санаа зовох)、不信(итгэл алдах)不景気(эдийн засгийн хямралт байдал) гэдгийн "不" (таагүй, тааламжгүй гэх мэт үгүйсгэсэн утга)гэсэн ханз сонгогдож магадгүй гэж таамаглан сууна.
Өөр санаа байна уу? Таарах нь уу үгүй юу мөрийцмөөр болчлоо. хэхэ
12 сарын 12-нд ямар ханз сонгогдох нь уу харж л сууя.

Oct 11, 2008

Ганцаардал?


Монгол хэлний асуултархуу ч болчих юм болуу?
"Ганцаардмал" хүн гэгч хэн бэ?
Бодлоо л доо.
Нэг. "Ганцаардмал нэгэн" гэж ганцаараа гэртээ суугаад л, хүн амьтантай уулздаггүй, ганцаараа хоол идэж ганцаараа дэлгүүр хоршоо явж, ганцаараа л байдаг нэгэн. Аа гэхдээ, Нөгөө талаас нь бодвол ганцаардал гэдэгийг мэддэггүй, ганцаараа байж чаддаш сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй нэгэн. Бусдын царайг харалгүй ганцаараа амьдраад л явдаг. Хэрэгтэй үедээ мэдээж нийгмийн дунд ордог байх.
Харин,
Хоёр. "Ганцаардмал нэгэн" гэж ганцаараа байж чаддаггүй, ганцаардаад уйдаад байдаг нэгэн. Хэн нэгэнтэй байхгүй бол ганцаардаад, гэртээ сууж чадахгүй найз нөхдөө дуудна. Ямар нэгэн юм болоход ганцаараа өнгөрөөх сэтгэлийн тэнхээ муутай, сул дорой нэгэн?
"Нэг", "Хоёр" хоорондоо эрс тэс хоёр хүнийг зааж байгаа ч бидний хэрэглэдэг "ганцаардмал нэгэн" гэж алийг нь заадаг вэ?

Сэтгэлийн тэнхээтэй, ганцаараа амьдраад явах чадвартай "Нэг" ганцаардмал уу?
Бусадтайгаа үргэлж хамт "Хоёр", ганцаараа байхаар ганцаардаад байдаг болохоор ганцаардмал уу?

Sep 9, 2008

Чаг чаг чаг


朝起きてからいかに速く、そしてゆっくり出かけ準備できるかによって出来る分長く睡眠とり、準備よく通勤できる。
ベッドから起き、テレビをつけ、洗面台に行く途中炊飯器もつける。顔洗ったら冷蔵庫から朝ごはんになる物を出しておく。戻ったらテレビニュース見ながら化粧をする。化粧し終わり、朝ヨーグルト食べ終わる頃にご飯が炊き上がる。そしてお昼弁当のおかずをフライパンにいれる。戻り、パンを食べながら又ニュースを見る。出かける5分前に着替える。これで40分で通勤準備ができる。
朝ごはんに、お昼弁当に、化粧に、ニュースに、化粧に、着替えに…今日も完璧!

マンションからでたらいかに速く歩き、青信号に当たれ、横断歩道を渡れればラッキー、というか、2分程稼げる。角にある横断歩道の信号は赤になったら青いに変わるのがかなり遅いんだ、長距離トラックを見方に作られているみたいだ。
その後、又、途中に信号を待たずに行ければ電車に乗る時、ホームで列の前に立てる、って事は、座れる可能性が高い、って事は座れたら本をゆっくり読める、又は前の晩十分に眠れてなければ寝れる。また、速く駅に着ければ、降りる駅の出口に近い階段が当たる列車に乗れる、って事は降りてから又30秒から1分稼げる…

10秒待てば青に変わる信号で赤なのに渡ろうとする、急いでても10秒前後に着いたって大した変わりはないだろう。
打ち慣れてないお店のレジさんになんでこんな動きが遅いのとイライラする。
3,4分待てば次がくる電車に駆け込みしてまで乗ろうとする。
ゆっくりと前に歩く人で前進できなくてムタムタさに又いらだつ。

などなど…毎日一秒一分の計算との闘いのような毎日。

なにがここまで急かせるのだろうか。
急けば急くほど一日24時間1年365日が足りなく感じてくる。
時間というものに監視され毎日それの操り人形のようになっているようだ。

1分は1分で感じ、1分で過ごせていきたい。1分は30秒10秒じゃなく、1分で味わっていきたい。

Sep 7, 2008

Paralympic


Хүн төрөлхтний Спорт, эв найрамдлын 23-р Их наадам төгсөөд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Спорт, эв найрамдлын наадам эхэллээ.
Тэгээд бодлоо. Яагаад тэдний олимп-ыг тусад нь хийдэг, тусад нь эхэлдэг юм болоо гэж?

Хүн төрөлхтний Спорт, эв найрамдлын Их наадам гэж нэрлэчихээд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн наадам гэж тусад нь Паралимп гэж нэрлээд, хүн төрөлхтнөөс тусгаарлаад байгаа ч юм шиг.
Нээлтийн ажиллагаагаа хамтдаа хийгээд, хамтдаа эхлээд, тэмцээн уралдаан нь тусдаа болдгоороо болж болдоггүй юм байх даа? Хөлгүй, гаргүй, сонсголгүй, хараагүй гээд ингэж тусад нь ялгаж хийгээд байгааг мунхаг би огт ойлгохгүй юм.
Өөр ингэх шалтгаан байгаа юм болуу? мэдэж байгаа хүн байна уу таминээ.

Sep 6, 2008

Харих замд


Ажлаа тараад гарсан бороо дусалж байна. Ажлын нэг дүү зонтокгүй яанаа гэхээр нь за би ойрхон юм чинь гээд өгөөмөр сэтгэл гаргаад өөрийнхийгөө өгчихлөө. Энэ жил Токио хот бороо ихтэй, цахилгаан ч их ниргэж байгаа. Миний амьдрах дүүрэгт хамгийн их бороо орж, хамгийн их цахилгаан цахисан ч хүний урманд ганцад нь өртөөгүй яваадаа бардсан ч юм уу.
Метроноос буугаад буудал дээрхи дэлгүүр орж хүнсээ цуглуулаад гарсан бороо шаагиж байна. Дээгүүр өнгөрөх төмөр замын доогуур явж байтал бороо намдана биз, эргэж дэлгүүр орж зонток авах гэснээ, тортой хүнсэндээ түүртээд урагш алхав.
Бороо улам бүр шаагисаар, дэлгүүрээс бас холдсоор, төмөр замын доогуур алхсаар. Гэр рүүгээ явах зам руу орохын тулд төмөр замын доороос гарахгүй бол болдоггүй. Бороо улам ширүүссээр, тэнгэр дуугарч, цахилгаан цахина. Ингэж их хүчтэй орж байгаам чинь удахгүй намдана биз гээд жаахан хүлээхээр шийдэв. Намдах шинж алга ч алга, замын доор над шиг бороо намдахыг хүлээсэн хүмүүс нэмэгдсээр ханьтай болж эхлэв.
Машины гэрэлд харагдах борооны дуслууд хувингаар цутгаж байгаам шиг л улам сүртэй харагдана. Замын хажуугаарх гэрэлд ч бас тасралтшүй дуслах бороон дуслууд. Ямар нэг кинон дээр үзсэн хэсэг шиг, шаагисаар шаагисаар.
Чихний хэнгэрэг хагармаар тэнгэр дуугарч цахилгаан цахина. Тэнгэр тэр чигээрээ 2 хуваагдан цахилгаан цахихыг анх удаа харав. Тэнгэрийн заадас гэгч нь үүнийг л хэлмээр юм байна даа гэж толгойд гэнэт орж ирсэн ч арай өөр утга байдаг санагдана.
Яагаад ч юм хөгжилтэй санагдаад эхэллээ. Магадгүй ийм борооноор тэнгэр, бороон дусал, гүйлдэх хүмүүс, замаар ус цацуулан давхилдах машин, борооны дуслыг гэрэлтүүлэн улам үзэсгэлэнтэй харагдуулах замын гэрэл гээд л тухтай нь аргагүй ажиглаж байгаа нь анх удаа байх.
Тэхдээ хурдхан харихгүй бол.
Ойр хавьд дэлгүүр байхгүй. Зонток авах гэж хамгийн ойрын дэлгүүр орсон ч норно, тэгсний оронд шууд гэр рүүгээ гүйсэн нь дээр. Тэгээд ч гэрээр дүүрэн зонток бий.

30 мин өнгөрөв. Уйдаж эхлэв. За яадым норно л биз. цүнхэн дэх ном, гар утас гээд норж болохгүй юм аа гялгар уутанд хийгээд гүйчихье гэж бодсон ч төмөр замын доор өнгөрөөсөн 30 минут маань хайран санагдаад, норохгүй гэж л хүлээсийм чинь... гэж бодсоор...
45 минут өнгөрөв. Гар утсаа оролдсоор. Ном уншдымуу гэсэн арай л харанхуй юм.
Замын доорхи хүмүүсийн тоо нэмэгдсээр, бас хасагдсаар.
Хажууханд зогсож байсан залуу, найз охин нь зонток барьж тосч ирээд, хоёуулаа хөтлөлцөөд яваад өглөө. Хөгжим сонсож хаад нэг амандаа алан зогссон ах бас тэсэхээ болив болтой, чихэвчний хөгжимөө цүнхэндээ хийгээд гүйчихлээ.
Намдах биш бүр ширүүссээр. Хааяа бороонд нэвт норох сайхан ч өнөөдөр бол норохгүйн тулд 45 минут хүлээчихсэн. Дотроо тэр 45 минутандаа хоргодсоор, өөртэйгээ бичхэн тулалдсаар.
Гэнэт арай гайгүй намдаад ирлээ. Одоо... гэсээр гүйлээ, хар хурдаараа гүйлээ, гүйлээ. Гэрлэн дохио улаан байна. Хажуухандах дэлгүүрийн үүдэнд хоргодож ногоон гэрэл асахыг хүлээнэ. Зам гараад гүйлээ. Тор гэнэт хөнгөрөөд явчив. Эргээд харсан дэлгүүрээс авсан 2литрийн ус өнхөрч байна. Цааш харсан чинь миний ирсэн замаар цагаан лууван, огурцы гээд зам татчихсан байлаа. Бүгдийг нь нэг нэгээр нь авч торондоо хийх ч, уранхай торноос дахиад л унана. цүнхэндээ хийх гэснээ ном этэр гээд норж болохгүй юмнууд байгаа. Торны урагдсан хэсгийг нь зангидаад бүгдийг нь хийгээд өндийнө. Одоо харин гүйх хэрэггүй. Тайван, тайван алхсаар хариж ирэв.

Sep 4, 2008

Өнөөдөр 9/4,2008

Амралтын өдөр гэхэд арай л эрт нойрноосоо сэрчихлээ.. Нэгэн "номын ах" маань ихийг бүтээхээр Монгол руу буцах гэж байгаа юм. Арал дахь дурсамжийг бэлэглэхээр болж альбом хийхээр болов. Боорцог дүүгийн тушаалаар угаалгасан зурагнуудыг авах ажилтай, ажлын өдөр амардгаараа би.
Хоолоо хийж идэж зурагт харсаар оройхоон гараад алхчихлаа. Манайхаас 3хан метроны буудлын газар. Ажлын өдөр, үд дунд, метро хүн багатай, азны кооля суудал байна, ойрхон ч гэсэн суугаад авлаа, номоо гаргаж аваад уншлаа. Дороо хүрээд ирлээ, сүүлийн буудал, Хикаригаока. Сүүлийн буудал болхоор бүгд буулаа, нойрондоо умбах "агаа"-гаас бусад нь.
"Ахаа, сүүлийн буудал болчлоо, буугаарай" гээд тохойнд нь хүртэл, ах сэрээд "өө тэгснүү, баярлалаа, миний дүү" гээд инээмсэглээд буулаа...гэдэг нь миний дотроо бодсон хий бодол.
Хэн ч "агаа"-г сэрээе гэсэнгүй, би ч бас хүмүүсийн саарал урсгал дунд уусаад буулаа.
"Агаа" зүүдэн дундаа торойгоод л үлдсэн.



Жил бүр зохион байгуулагддаг Хаврын баяр гэх Монголчуудын баяр, оюутын байхдаа би ч бас хамтарч хийлцэж байсан баяр маань зохиогддог цэцэрлэгт хүрээлэн байдаг буудал. Ойрын 2 ч жил ирээгүй, оролцоогүй болохоор, Хаврын баярын элдэв дурсамжууд эргэлдсээр... Гадагш гарлаа, дурсамжууд солигдон эргэлдсээр...явтал нэг таягтай эмээ түрийвч ч юм уу нэг юм оролдон харагдана. Дэргэд нь цүнх нь унасан харагдана. унасан ч юм уу, зүгээр тавьсан ч юм билүү гэж дотроо бодоод, очиж авч өгөх гэснээ болиод өнгөрөөд явлаа. Гэхдээ л цүнхээ унагачихаад зогсож байсан ч юм билүү гэж бодогдоод болдоггүй, эргэн эргэн хараад явлаа. Эмээгийн хажуугаар өнгөрөх хүмүүсээс хэн ч эмээд туслая гэсэнгүй завгүй алхаагаараа өнгөрсөөр. Хүнд гай болчихгүй л бол дэргэд нь хүн унаж байсан ч барагтай тоохгүй хүмүүс. Би ч тэдний дунд ууссан мэт..хэдий ч дотроо туслахымсан гэж бодсон ч бие хөдлөхгүй, эргэн тойрны байдлаа харах, саарал өнгөнд уусчихсан мэт.
Хараа, яг тэгж таарна, эмээ таягаараа оролдоод л цүнхээ авах гээд л оролдож байна, тонгойж чадахгүй харагдана, эвий нуруу нь өвддөг байх л даа. Эргээд хурдхан алхлаа. Тэгсэн эмээ таягаараа оролдсоор байгаад цүнхээ гартаа авчихлаа.

Ганцхан л үг дутагдчих юм.

"Ахаа сүүлийн буудалд ирчихлээ,буугаарай"
"Эмээ, цүнхээ унагачихаа юу? аваад өгье"
гээд хэлчихсэн бол бүр сэтгэл өөдрөг нэгэн амралтын өдөр болохгүй юу.
Дотроо бодсон ч, эргэн тойрны хүмүүсийн байдлыг ажсаар бүгд ямар ч үйлдэл хийлгүй ийн өнгөрөх нь элбэг. Харсаар байгаад ... гэдэг л энэ байх.

Өндөр настанд тусалдаг
Өргөсөн юмыг нь дамжилдаг...ляа ляа

Aug 26, 2008

Дэмийй дэмий

.
Багадаа нэрэндээ дургүй байлаа. Навч, цэцэг жимс гээд л гэрэл цацраг гээд охинлог нэртэй болохыг хүсдэг байсын болуу. Хамгийн гол шалтгаан нь цэцэрлэгт байхад "Муруй" гээд л дуудна. Уур хүрнэ, уурласан уурандаа аав ээждээ гомдоно. Тэгсэн хаа нэгтээгээс 7-н нас хүрэхээрээ албан ёсоор нэрээ солиулж болдог гээд л дуулчихсан, нэрээ солимоор байна гээд өдөр шөнөгүй аав ээжээс шалгаадаг байсан санагдана.
Тэхдээ нэг мэдсэн тэр бодлоо гээсэн явсан. Харин сургуульд орсноос хойш муруй этэр гэж дуудуулахаа больж харин "тэмээ" гэсэн хоч тэр чигээрээ наалдчихдаг юм даа.
Тэр талаар ажлынхантайгаа ярьж байлаа. Тэгсэн Ёпоонд бол өндөр хүнийг "анааш" гэдэг гэнэ.
"Анааш" гэвэл монголд юм удаан ойлгодог гэсэн хоч болоод явчихна. Харин тийм удаан ойлгоцтой, мангаатаад байдаг нэгнийгээ Ёпоонд КҮ(кэй вай) гэнэ. Күүки ёмэнай буюу "агаар уншдаггүй" гэнэ. ӨНгөрсөн жилийн моодонд орсон үгийн нэгээр тодорч ч байсан.
За ямартай ч аль аль нь л ийм хөөрхөн эгдүүтэй амьтан.

Гэснээс одоо нэрэндээ маш дуртай, одоо ч гэж ямар ч байсан дунд ангийн үеээсээ гайгүй дуртай болж эхэлсэн байх. Ховор бөгөөд сайхан ерөөлтэй нэр.

"Үүрдийн амьдралд тэгшжаргал зохихгүй ээ" гэж дуу байдаг байх аа нээрээ....хн

Aug 15, 2008

Мэлмэрээд байх юм...

Бид анхны алтаа аваад нэг өдөр өнгөрлөө.Бодохоос одоо ч Түвшинбаяр нүдэнд харагдаад, төрийн дуулал чихэнд эгшиглээд, хоолой зангирч, нүдэнд нулимс гүйлгэнээд...

Ганцаараа хөөрч хөөрч ажилдаа явах цаг боллоо. Хүмүүс Токиод цуглаж тэмдэглэх юм гэсэн. Өдөр алдаж шөнө гэж өнөөдөр явж явж оройн гараа байж таарч ажил дээрээ догдлонхон, мэлмэрэнхэн суухаас...

Гэрээсээ гарлаа.
Ойрд гэртээ монгол ТВ үзэж, хаалганаас нааш Монгол, хаалгаа нээгээд гарахаар Ёпоон болоод байгаа.
Ажилдаа гэлдрэхээр хаалганы цаадах Ёпоон руугаа орлоо. Хар халууныг тээршсэн хүмүүс юу ч болоогүйм шиг л зөрөлдөн яаран алхалдсаар.

Харин миний дотор, "бид алт авсан штээ, алт ,алт, Хамаг дэлхийн шударга улстай...".

Урдаас алхах нохойгоо салхилуулах эмээд хэлмээр, дугуйтай өнгөрөх хүүхэдтэй бүсгүйд ч хэлмээр, гайхуулмаар, гэрлэн дохио хүлээгээд зогсож байхдаа "Бид алт авчлаа штээ" гээд л орилмоор. Дотроо бол хэний ч чих дөжирмөөр хашгирсаар ,орилсоор...
Метронд суугаад тайван бодлоо.
Удаа бүрийн Олимпоор "алт"-ыг борооны дараахи мөөг шиг цуглуулдаг та нар ч миний доторхи "сөөнги хоолой"-г яаж л сонсох, яаж ч ойлгох вэ дээ.

Гэхдээ л би орилоод яваад баймаар, хашгираад яваад баймаар.
"алт, алт, алт"
Баярлалаа Түвшинбаяраа.

Aug 14, 2008

Олимпын тэнгэрт Монголын төрийн дуулал эгшиглэнэ




Олимпын 29-р их Наадмын Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Алтан медаль хүртлээ. Ердөө 5-н минутын өмнө.
Ийн Монгол улс маань энэ удаагийн Олимпын зуны наадамд оролцож байгаа 204 орноос медалийн тоогоороо 18-рт жагслаа.

Гэртээ монгол ТВ үздэг болдог болсон учраас Монголд хүмүүс хэрхэн хөөрч, халуунаар амьсгалж байгааг мэдрэн суулаа. Монголоороо догдолж, монголоороо нэг уйлж, баярлаж байна. Газар дээрээс нь нэвтрүүлж сурвалжилж байгаа сэтгүүлчид, студи-ээс хөтөлж буй хөтлөгч нар ч тэр бүгд нүдэндээ баярын нулимстай харагдана. Монгол түмэн бөхдөө хайртай, бөхийн спортыг үзээд сэтгэл хөдөлдөгийн илрэл болуу.

Бээжингийн Биеийн тамирын зааланд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхийг хүлээн ядаж нэвтрүүлэгч залуус Жаргалсайханы "Тамирчны ялалт хямдхан олдоогүй..." гэж амандаа аялцгаана.

Aug 11, 2008

Би дуртай /боулинг/


Тоглох дуртай спорт юу вэ гэвэл дараах 3 байна. Сагсан бөмбөг, Ширээний теннис, тэгээд бас арлын оронд ирээд боулинг гэгч хүнд бөмбөгийг өнхрүүлж 10-н шовгорыг унагаадаг спортод дуртай болсон.


10-н жилийн ахлах ангид л байсан үе байх. Ийгл ТВ-ээр хөөрхөн хөөрхөн хүүхэлдэйг кино гарна. Хамгийн дуртай Flinstone-ийн гэр бүлийнхэн билүү, чулуун зэвсгийн үеийн юм шиг хэрнээ очин үеийн амьдралыг үзүүлсэн хөөрхөн хүүхэлдэй байсан. Тэрэн дээр Фрэд залуу, эхнэрээсээ нуугдан барин хөрш айлынхаа нөхөртэй хамт бөмбөг өнхрүүлж хэдэн шовгорыг унагаадаг тоглоом тоглоно. Эхнэртээ баригдахаараа сайн бажигадана. Юундаа ингэтэл нь дурладаг байна аа гэж эхнэртээ загнуулах Фрэдийг өрөвдөнгүй харахдаа боддог байлаа.
Ёпоонд ирэв.

Боулинг гэгчийг энд байдаг монголчууд ч их тоглоно. Заалгав. Шидэж үзэв. Урамтай ч өнхрөх юм, шовгоруудыг олныг унагах тусмаа улам л гоё, таашаал аваад, Фрэдийг одоо л нэг ойлгож эхлэх нь тэр. Анхны тоглолтын дараа анхан шатны зааваруудыг заалгасан хүн маань яавал аятайхан өнхрөөд байна гээд л асууж байна. Гайгүй шидээд байсан шиг байгаа юм.

Ойрд бараг тоглохоо болив. Хагас жилд ганц удаа ч юм уу.

Австралийн Балларат-д ойрхон байдаг Sovereign Hill гэгч 19-р зуунд алт олборлолтоор хөгжсөн тухайн үеийн хотыг 100% дахин сэргээсэн музей хот байдаг. Тухайн үеийн боулингийн модон бөмбөгөөр шиддэг модон замтай боулинг байсан. Одоогийн боулингийн эхлэл байх.


Орчин үеийнхээс зам нь урт, модон зам дээр модон бөмбөг өнхрүүлж, модон шовгоруудыг ононо. Шидэж үзэв. Тэгчээд гүйж очиж бөмбөгөө аваад, шовгоруудаа өөрөө босгож тавих хэрэгтэй гэнэ..Тэр үед би энэ боулингтай учирсан бол одооных шигээ дуртай болохгүй байх байсан байх.


Төвөгтэй санагдсан.





Одоохондоо дээд рекорд маань 168 оноо. Мундаг хүмүүсийн хувьд бол юу ч биш. Өөртөө бол овоо оноо. Айхтар нарийн ширийн арга барилыг нь мэдэхгүй ч өөрөө өөртөө хэдэн зарчимтай.
1. Хамгийн захын зам дээр шидэхгүй.
2. Дэргэдэх замын хүнтэй зэрэг шидэхгүй.
3. 2 төрлийн бөмбөгөөр шиднэ. Одоо бол 9 болон 8-аар шиддэг. Эхний шидэлт 9-өөр, 1 юм уу 2 гэсэн цөөхөн шовгор үлдээсэн үед хөнгөн бөгөөд хүчтэй өнхөрч чадах арай хөнгөн 8-аар шиднэ.
4. Зангахгүй.
5. Гар болон бөмбөгөө арчсаны дараа шидэх.
6. ...
гээд байгаа. Гэхдээ бага зэрэг нууц. хэхэ

Өчигдөр 4-н найзтайгаа ойрд тоглоогүйгээрээ тоглоод ирэв. Дундаж оноогоороо топ болсон ч сүүлийн тоглоом дээр 1 оноогоор хожигдсон(153 оноо). Тэхдээ өмнөөс ойрхон оноо авах нь битгий хэл холын оноо авдаг найзтай ойрхон оноо авсандаа сэтгэл ханамжтай тоглож чадсан.